Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг ачиж, журамлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-04 10:32:49

НИТХ-ын хуралдаанаар баталсан “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг  хэлэлцэн тогтоож, тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Тус тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор  08:00-20:00 цагийн хооронд  хориглосон гудамж, замуудад зогсож  бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх асуудлыг зохицуулсан. Тухайлбал тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 мянган төгрөг, суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 мянган төгрөг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 мянган төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоосон.

Түүнчлэн түр саатуулах хашаа /байр/-ны  нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000,  суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20000 төгрөг байхаар тус тус батлав.

Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн албан хаагчийн зөвшөөрлөөр тухайн байршлаас 10 км-ээс дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг  2000 м²-аас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аас ихгүй байхаар  тогтоолоо.

Related news