НӨАТ-ын сугалааны анхны азтан энэ сарын 17-нд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-04 14:51:44

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ урамшууллын системийн албан ёсны нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр оролцож, “Миний Хайпер маркет” дэлгүүрт анхны худалдан авалт хийлээ.

Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авах, 100 сая төгрөгийн сантай сугалаанд сар бүр оролцох боломж бүрдэж байгаа. Өнгөрсөн 4 хоногт 5527 гаруй цэг дээр цахим баримт хэвлэх кассын машин ажиллаж, нийт 170 мянга гаруй худалдан авалтад шинэ баримт олгон, www.ebarimt.mn цахим сайтад 22000 иргэн бүртгүүлжээ.

Засгийн газраас уг хуулийн хэрэгжилт болон иргэдэд очиж байгаа үр өгөөж, ААН-үүдийн идэвхи санаачилгыг хариуцлагатайгаар дэмжин ажиллахаар зорьж байгаа бөгөөд үүний илэрхийлэл болгож Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр шинэ системийн албан ёсны нээлтийг хийв.

Тэрбээр “Миний Хайпер маркет” дэлгүүрээр үйлчлүүлж худалдан авалт хийгээд төлбөрийн шинэ баримт хэвлүүлэн авсан юм. Үүнийхээ дараа уг авсан баримтаа НӨАТ-ын урамшууллын www.ebarimt.mn нэгдсэн сайтад бүртгүүлэв.

Ерөнхий сайд энэ үеэр “НӨАТ-ын хуулийг шинэчилсэнээс хойш бэлтгэл ажил хийж байна. Иргэдэд төлсөн НӨАТ-ынх нь 20 хувийг буцаан олгож, өндөр шагналтай сугалаанд хамруулж байгаа нь хэд хэдэн үндсэн зорилготой. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталснаас хойш өнөөдрийн байдлаар 8 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болсон. Харин одоо НӨАТ-ын урамшууллын систем нэвтрүүлж байна. Энэ бүгдийг Засгийн газар нийгэмд бугшсан далд эдийн засгийг ил болгох, эдийн засгаа эрүүлжүүлэх зорилгоор хийж байгаа” гэв.

Мөн “НӨАТ-ын урамшууллын системийн үр дүнд бүх үйлчилгээ, худалдааг нэгдсэн системд бүртгэж, төрөөс хяналт тавих боломж бүрдэж байна. Улсын хэмжээнд нийт 1800 татварын байцаагч ажиллаж байгаа бол өнөөдрөөс эхэлж 3 сая байцаагчтай болно гэсэн үг. Яагаад гэвэл иргэн бүр үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт, шаардлага тавьдаг болно. Ингэснээр хуурамч баримт үйлдэх, худалдаа үйлчилгээгээ нуун дарагдуулдаг байсан гажуудал үгүй болж, төсөв дэх татварын орлого эрс нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Тиймээс иргэн бүрийг хуулиар олгосон эрхээ эдэлж, төлсөн татвараа буцаан авч, боломжоо атгахыг уриалж байна. Аж ахуйн нэгжүүд ч энэ ажилд идэвхтэй хамрах ёстой. Засгийн газрын зүгээс бэлтгэл ажлыг бүрэн хангасан” гэлээ. Ерөнхий сайд төгсгөлд нь Засгийн газраас 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарлах гэж байгааг онцлоод, хэрэглэгчдэд хандсан энэ мэт олон ажлыг шат дараатай явуулахаар зорьж байгаа гэсэн юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав мөн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болж өнөөдрийн арга хэмжээнд оролцов. Тэрбээр энэ үеэр “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 28000 худалдаа үйлчилгээний цэгт нэгэн зэрэг нэвтэрч байгаа учир маш өргөн цар хүрээг хамарсан ажил болж байгаа. Тэгэхээр цаашдаа улам олон байгууллаг4а системд шилжиж, энэ ажил тасралтгүй өрнөнө. Манай холбооны байгууллагуудад гэхэд ухаалаг гар утасны аппликешнийг үнэ төлбөргүй суулгах зэргээр бидний зүгээс ч чамгүй дэмжлэг үзүүлнэ” гэлээ.  

Өнгөрсөн өдрүүдэд харин иргэдийн зүгээс цөөнгүй гомдол ирсэн бөгөөд үүнд “үйлчилгээний газрууд шинэ баримтаа өгөхгүй, хуучин баримт өгч байна”, “өгсөн баримтыг нь бүртгүүлэхэд хүчингүй байна”, “сугалааны дугааргүй баримт өгсөн” гэх мэт зөрчлүүд байсан юм. НӨАТ-ын урамшууллын системийн төслийн захирал Р.Отгонтулгаас тодруулга авахад “Хэрэв хуучин баримт өгсөн бол иргэд үүнийг цуглуулж байгаад заавал шинээр солиулж авах ёстой. Мөн баримт бүртгэлгүй байна гэж гарч байгаа бол тухайн байгууллага кассын машин авсан ч  байгууллагын зарим нэг технологийн саатлаас шалтгаалан системтэй холбогдоогүй байна гэсэн үг. Тиймээс иргэд өгсөн баримтыг нь хадгалж байгаад системд холбогдсоны дараа бүртгүүлэх хэрэгтэй. Сугалааны дугааргүй баримт олгосон бол заавал тухайн газартаа эргэж очиж солиулж авах ёстой. Ер нь ямар ч тохиолдолд иргэд хохирох ёсгүй, мөнгөө тухайн газарт үлдээж болохгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй юм. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал гомдол мэдэгдэх бол 1800-1288 дугаар тогтмол ажиллаж байгааг сануулъя” гэж хариулсан юм.

Хэрэв таны үйлчлүүлсэн жижиг дэлгүүр, үсчин, гоо сайхан төлбөрийн шинэ баримт олгохгүй, хэрхэн олгохоо мэдэхгүй байвал www.ebarimt.mn сайтыг танилцуулж, улмаар баримтаа гаргуулж авах хэрэгтэй аж. Харин баримт хэвлэх кассын машин байхгүй, авч амжаагүй тохиолдолд и-мэйл хаягаараа баримтаа авахаас гадна Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас баримтаа авах боломжтой юм. Ингэхийн тулд төлбөрийн баримтын дугаараа ТҮЦ машинд бүртгүүлэх ёстой аж. Энэ нь орон нутгийн иргэдэд төлбөрийн шинэ баримтыг авахад илүү дөхөм болж байгаа юм.

НӨАТ-ын урамшууллын систем нь буцаан олголтоос гадна үндэсний сугалаа явуулах юм. Уг сугалааны анхны тохиролыг энэ сарын 17-ны ням гарагт тааруулах юм. Энэ сугалаанд иргэд төлбөрийн баримтан дээрх сугалааны дугаараа бүртгүүлсэнээр оролцох бөгөөд 30000-100 сая төгрөг хүртэлх хонжвороос хожих боломжтой. Азтаны тоог бүртгэгдсэн баримтын тооноос хамаарч тогтоож байх аж. Өөрөөр хэлбэл 4 сая баримт бүртгэгдлээ гэхэд 4000 азтан шалгаруулах юм байна. Харин нэг иргэн хэдэн ч баримтаар сугалаанд оролцож болох учир хонжвор таарах магадлал өндөр гэж үзэж байгаа юм. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал 

Related news