Хятадын хөрөнгийн биржүүдийн арилжааг зогсоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-01-04 15:27:04

БЭЭЖИН. /TASS/. Өнөөдөр Хятадын Шанхай болон Шэньжэний хөрөнгийн биржүүдэд ерөнхий индекс болох “CSI 300” индекс 7 гаруй хувиар буурсны дараа тус биржүүдийн арилжааг нэг хоногоор зогсоосон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Шанхайн хөрөнгийн биржийн арилжааг зогсоох үед “Shanghai Composite” индекс 6.85 хувиар буурч, 3296.66 нэгж болсон байсан бол Шэньжэний биржийн “Shenzhen Component” индекс 11630.93 нэгж хүртэл 8.16 хувиар буурсан байв. Индексүүд буурсан нь аж үйлдвэрлэлийн талаарх статистикийн мэдээлэл сул гарсантай холбоотой байна. "Цайсинь" сонинд гарсан статистик мэдээллээс үзвэл, Хятадын эдийн засгийн үйлдвэрлэлийн салбарын PMI индекс 2015 оны 12 дугаар сард 48.2 нэгж хүрч буурсан нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт аж.

Арилжааг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байгаа автомат системээр зогсоосон байна. Уг систем нь хөрөнгийн биржүүдэд 2015 оны зуны хямралын үеэр гарсан шиг гинжин урвалаас урьдчилан сэргийлэх зорилготой.

Д.Жаргал

 

Related news