Хаягийн шилжүүлгээ яаралтай хийлгэхийг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНХүн ам цөөнтэй гэх үндэслэлээр Жаргалант сумын Малчин багийг Дулаан–Уул багтай нэгтгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэний үнэмлэхний хаягийн шилжүүлгийг 2500 төгрөгөөр хийж үлдсэн зардлыг орон нутгаас гаргаж байгаа ч иргэдийн идэвх муу байгаа ажээ.
Иймд энэ сардаа багтааж хаягийн шилжүүлгээ хийлгэх хэрэгтэй гэж Жаргалант сумын Засаг дарга Э.Бөхтулга хэллээ.
Малчин багийн 260 өрхийн 500 иргэн Дулаан-Уул баг руу шилжих ёстой ч өнөөдрийн байдлаар 112 иргэн шилжүүлгээ хийлгэжээ. Мөн 500 иргэний 40 хувь нь Баян-Өндөр суманд ажиллаж, амьдардаг байна. Баян-Өндөр, Жаргалант сум хоорондоо 30 км-ын зайтай. Харин 200 орчим иргэн Булган, Сэлэнгэ аймгийн нутагт малаа хариулан амьдардаг юм. Иймд дээрх иргэд хаягийн шилжүүлгээ цаг тухайд нь хийлгэхгүй бол төрийн тусламж, үйлчилгээг хүртэх боломжгүйг анхаарууллаа.
Б.Оюун-Эрдэнэ