Он дамжин дуусаагүй барилга байгууламжууд цөөнгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 09:08:32

Баян-Өлгий аймагт он дамжин дуусаагүй барилга байгууламжууд байгаа нь голдуу гүйцэтгэгч байгууллагуудын идэвх, хариуцлагатай холбоотой байдаг. Зарим талаар төсөв эс хүрэлцдэг, хожимдож ирдэг гэм байдаг ч зарим нь цаг хожимдуулан ахиухан мөнгө авахын тулд ажлыг санаатайгаар удаашруулдаг байна.

Тухайлбал Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн хичээлийн байр өмнөх Засгийн газрын үед хоёр тэрбум төгрөгөөр төлөвлөгдөж байсан атлаа одоо болтол бүрэн дуусаагүй, зарим зүйл нь дутуу, харин авсан мөнгө нь дөрвөн тэрбумаас давчихаад байна. Аймгийн төв талбай мөн адил, ноднин өвөл хүйтэрчихлээ гээд боржин чулууг нь элс тавьж дэвсээд, хавар түүнийгээ хуулж цементтэй шавар хэрэглэн дэвсэж эхэлсэн бол энэ өвөл зарим хэсгийг нь бас л элс дэвсээд дутуу орхин ирэх хавар дуусгахаар болоод байна. Зарим суманд суваг шуудуу татна гэсэн далимаар орон нутгийн хөгжлийн сангаас төслөөр мөнгө авчихаад хуучин суваг дотор «суваг гаргасан» дүр эсгэсэн зэрэг хачин үзэгдэл бий болсоныг иргэд шүүмжлээд байна. Эдгээр дутагдал зөрчлийн учир шалтгааныг аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Болатханаас асуухад тэр: «Энэ бол үнэн явдал. Зарим сум баг, байгууллагын дарга нар мэргэжил мэдлэг, чадвар, хувийн сайн чанараараа бус танил олноороо сонгогддог. Зарим сумын засаг дарга ирэдийн хурлын төлөөлөгчиддөө захирагддаг. Аливаа ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьдаг хүмүүс нь мэргэжлийн мэдлэггүй юм уу танил талдаа татагддаг бас хээл хахуульд хууртдаг явдал бий гэж би хувьдаа үздэг» гэж шударгаар хариулж байна. 

                                                                                                                     Ш.Айзаря

 

Related news