Шүүх байгуулах асуудлаар үүссэн маргааныг эцэслэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-05 09:11:10

Үндсэн хуулийн цэц Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэхээр энэ сарын 7-нд их суудлаар хуралдана.

Шүүх байгуулах тухай хуулиар, иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг тус тус байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна хэмээн цэц дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн. Мөн уг маргаантай агуулгын хувьд адил маргааныг хянаж эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01 дүгээр тогтоол тус тус хүчин төгөлдөр байгаа болохыг Үндсэн хуулийн цэц нотолсон.

Дээрх дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээн зөвшөөрөхөөр тогтсон боловч түүнд Ерөнхийлөгч хориг тавьжээ. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцээд түүнийг хүлээн авч холбогдох тогтоолоо Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тул цэц их суудлаар хуралдахаар болжээ.
 

Б.Туул

Related news