Арабын улсуудын холбоо яаралтай хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-05 09:13:07

РИЯД. /NHK/. Саудын Араб болон Иран хоорондын маргааныг хэлэлцэхээр Арабын улсуудын холбоо яаралтай хуралдахаар болжээ.

Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ирэх ням гарагт Египетийн нийслэл Каир хотод уулзахаар болжээ.

Саудын Араб яаралтай уулзахыг уриалсан байна. Лалын шиит урсгалын номлогчийг Саудын Араб цаазаар авсны дараа тус улстай Иран харилцаагаа тасалсан байна. Ираны хүн амын дийлэнхийг шиитүүд эзэлдэг бөгөөд Саудын Арабын гүйцэтгэсэн цаазын шийтгэлээс болж Иранд томоохон хэмжээний жагсаал болжээ. Хилэгнэсэн жагсагчид Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд халдсан байна.

Удахгүй болох хэлэлцээний үеэр Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яамны халдашгүй эрхэнд халдсан Ираны буруутай ажиллагааг хэлэлцэнэ гэж Арабын улсуудын холбооны орлогч дарга Ахмед Бен Хелли мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news