Марафончид “Рио-2016”-д хурд сорих эрхээ баталгаажуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-05 10:30:00

БНХАУ-д Сямынь хотноо энэ сарын 2-нд болсон "Xiamen International marathon" тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор долоон тамирчин өрсөлдсөнөөс гурван тамирчин олимпийн эрхийн нормативыг биелүүлжээ.

Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн ОУХМ Б.Мөнхзаяа, Б.Гантулга, Б.Отгонбаяр нар “Рио-2016” олимпийн надаамд оролцох эрхийг биелүүлж, дахин амжилтаа баталгаажуулжээ. Марафоны 42 км 195 метрийн зайн эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Д.Гантулга XI, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Л.Отгонбаяр IX, Б.Мөнхзаяа Х байрт шалгарсан нь марафон гүйлтийн олимпийн эрхийн цагийн нормативыг хангажээ. Тэдний амжилтыг танилцуулахад, Д.Гантулга 2 цаг 18 минут 51 секунд, Л.Отгонбаяр 2 цаг 42 минут 47 секунд, Б.Мөнхзаяа 2 цаг 18 минут 51 секундэд замаа туулсан бөгөөд манай тамирчид өнөөдөр Улаанбаатарт ирэх юм.

Өнгөрсөн онд болсон марафоны олон улсын тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлээд байгаа. Олимпийн наадамд улс бүрээс эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр гурван тамирчин оролцох эрхтэй. Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ирэх долдугаар сард албан ёсоор марафоны төрөлд оролцох тамирчдыг зарлана.

Д.Өлзий

Related news