Энэтхэгийн Консулын газарт буудалцаан үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-05 10:36:50

МАЗАР-И-ШАРИФ. /Xinhua/. Афганистаны нийслэл Кабул хотоос хойш 305 км зайтай оршдог Мазар-и-Шариф хот дахь Энэтхэгийн Консулын газар луу үл таних зэвсэгт этгээдүүд ням гарагийн шөнө халдсан бөгөөд буудалцаан үргэлжилсээр байгааг цагдаагийн ажилтан мэдээлжээ.

“Энэтхэгийн Консулын газрын хажууд байрлах байшинг 8 цаг 45 минутад зэвсэгт босогчдын бүлэг эзлэн авч, Консулын газрын барилгыг автомат буугаар онилж, гар бөмбөг шидэж эхэлсэн” гэж цагдаагийн офицер Шафи Садат сэтгүүлчдэд хэлсэн байна.

Болзошгүй хохирогчдын талаар тэрбээр мэдээлээгүй бөгөөд тусгай хүчнийхэн бүслэлтээ зузаатгаж, халдагчдыг баривчлах, устгахыг оролдож байгаа гэв.

Үргэлжилж буй буудалцааны үеэр тусгай хүчний бие бүрэлдэхүүний 4 гишүүн, 3 жирийн иргэн шархадсан гэж нэрээ нууцлахыг хүссэн тусгай хүчний эх сурвалж мэдээлэв.

Автомат буугаар зэвсэглэсэн, тэсрэх бөмбөгтэй хантаазтай 8-12 халдагч байж магадгүй гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Х.Аминаа

 

Related news