ЭМД-ын тухай шинэчилсэн хууль мөрдөгдөж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-01-05 11:12:25

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хуульд зааснаар энэ сарын 1-нээс эхлэн оюутнууд эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлөхөөр болсон.

ЭМД-ын тухай хуулийг өнгөрсөн онд УИХ шинэчлэн баталснаар ийнхүү уг хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд иргэд өөрсдөө эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжийг уг хуулиар бий болгосон юм. Монгол Улсын 1,3 сая иргэний Эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Энэ нь жилдээ 12,1 тэрбум төгрөг болдог бөгөөд нэг даатгуулагчийн сард төлөх шимтгэл 670 төгрөг, жилд 8040 төгрөг төлөгддөг байна.

Харин төр дааж байгаа нь тухайн зорилтот бүлгийн хувьд сайн  хэдий ч уг мөнгө нь ЭМД-аараа чанартай тусламж, үйлчилгээ авах боломжийн хувьд хангалтгүй мөнгө юм. Иймд 18 нас хүртэлх хүүхдүүд болон оюутан сурагчдын төлөх ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй байхаар, өөрөө хариуцан шимтгэлээ төлдөг бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиас доошгүй байхаар хуульчилсан. Иргэн бүр жилд 1 сая 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ЭМД-аараа хөнгөлөлттэй авах эрхтэй. Харин гэр бүлийн гишүүдийн зарим нь ийм хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй ч нөгөө гишүүнд нь их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах шаардлага гардаг. Энэ шинэ хуулиар гэр бүлийн гишүүд дээрх эрхээ шилжүүлэх боломжтой болсон.

Иргэдийн хувьд ЭМД-ыг үүнээс гадна зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт юм. Даатгалын сангийн зардлын 7 орчим хувийг үүнд зарцуулдаг бөгөөд гэрээ бүхий 576 эмийн сантай хамтран иргэдэд эмийн үнийн хөнгөлт үзүүлдэг. Хуулийн шинэчлэлийн хүрээнд өрх, сум, багийн эмчээс гадна аймаг дүүргийн амбулаторийн эмчийн бичсэн жороор үнийн хөнгөлөлт үзүүлэх юм.

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар: Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлэгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл, ЭМД-д хамрагдах юм. Мөн өрх сумын ЭМТ-өөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ, жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээг ч ЭМД-д хамруулж байна.

Д.Өлзий

Related news