"Лалын улс" Иракийн 11 цэргийн амийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-05 11:28:41

ВАШИНГТОН. /Sputnik/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид Иракийн хойд нутгийн Анбар мужид амиа золиослох болон замын хажууд тэсрэх бөмбөг суурилуулах халдлага үйлдэж, Иракийн 11 цэрэг болон тэднийг дэмжигч дайчдын амийг хөнөөсөн байна.

Хадита хотод болсон халдлагын улмаас Иракийн 11 цэрэг амиа алдаж, 30 цэрэг шархадсан байна гэж тус хотын зөвлөлийн гишүүн Халид Сулеймэн мэдэгдэв.

Машинд тэсрэх бөмбөг суурилуулсан амиа золиослогчийн халдлагыг ашиглан араас нь явган цэргээ оруулах нь “Лалын улс” бүлэглэлийн “үндсэн тактик” гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Стив Уоррен мэдэгдсэн байна.

“Лалын улс” бүлэглэлийн хяналтад байсан Рамади хотын хяналтыг буцаан авах ажиллагаанд Ирак холбоотны хүчнүүдийн хамт томоохон амжилт олсны дараа Хадита хотод халдлага болжээ.

Иракийн терроризмтой тэмцэх бие бүрэлдэхүүний командлагч, дэслэгч-генерал Абдул-Гани Асадийн мэдэгдсэнээр, “Лалын улс”-ын босогчдын хяналтад байгаа Рамади хотын зарим хэсгийг Иракийн хүчин ирэх долоо хоногт чөлөөлөх ажээ.

Д.Нямтулга

 

Related news