Хөдөлмөр эрхлэгч 77 хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 16:13:00

Баянхонгор аймагт хогийн цэгт хөдөлмөр эрхэлж буй, захуудад ажилладаг, айлд мал малладаг, хурдан морь унаач зэрэг нийт 77 хүүхэд бүртгэлтэй байдаг байна.

Эдгээр хүүхдүүд уул уурхай, барилгын салбараас эхлээд хөдөө аж ахуйн буюу хамгийн хүнд хүчир гэсэн тодотголтой салбаруудад ажилладаг аж.

Дээрх хүүхдээс уул уурхай, барилга, зах дээр ажилладаг 25 хүүхдэд хөдөлмөрийн эрхзүйн болон  өөрийгөө хөгжүүлэх сургалтыг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс оны өмнөхөн хийжээ. Сургалтад хамрагдсанаар хөдөлмөрийн эрхзүйн ойлголттой болж, хөдөлмөрийн мөлжлөгт өртөхөөс өөрийгөө хамгаалах талаар болон зорилготой амьдрал амжилтын баталгаа гэсэн сэдвүүдээр харилцан ярилцаж, өөрсдийн ирээдүйн болон хүсэл мөрөөдлийнхөө талаар хуваалцсан байна. Мөн тэдгээр хүүхдүүдэд нэн шаардлагатай өвлийн дулаан хувцас, гутал, хүрэм бэлэглэжээ.

Мөн онд “Хүүхдийн хөдөлмөрт Үгүй гэж хэлье, чанартай боловсролд За гэж хэлье” уриан дор хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоог бууруулах, хүүхдийн хөдөлмөр эрхэлсээр байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах зорилготой аяныг өрнүүлсэн байна. Аяны хүрээнд тус аймгийн сум тус бүр хөдөлмөр эрхэлдэг болон сургууль завсардсан хүүхдийн судалгааг гаргажээ. Мөн ХХТХ-т өртсөн болон хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, сургууль завсардсан хүүхдүүдийг суурь боловсрол хамт олгодог зорилтот мэргэжлийн сургалтанд 21 хүүхдийг хамруулсан байна.

Б.Мөнхзул

Related news