Ц.Элбэгдорж: Шинэ хуулиар шагналын тоо 3-5 дахин буурна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-07 14:17:39

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийсний дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

-Хууль хэрэгжих хугацааг хэдийгээр гэж  хуулийн төсөлд тусгасан бэ?

-Мөрдөх хугацааг ирэх 10 дугаар сарын 1-нээс гэж хуулийн төсөлд тусгасан.

-Иргэдийн дунд шагнал өглөө ч шагнуулсан хүний нийгмийн баталгааг хангаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Нийгмийн баталгааны асуудлыг хэрхэн оруулж өгсөн бэ?

-Юуны өмнө хэлэхэд, шинэ хуулиас өмнө шагнуулсан хүмүүсийн алдар гавьяа хадгалагдана. Авдаг нийгмийн халамж нь ч хадгалагдана. Шинэ хуулинд нийгмийн баталгааны асуудлыг тусгаагүй. Энэ бол шагналын тухай хууль.

-Одон медалийг дагуулан мөнгөн урамшуулал олгохгүй гэсэн үг үү?

-Миний хувьд шагналын мөнгө дагуулж өгөхгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэхүү цол тэмдэг нь алдар нэр гэдэг утгаараа үнэтэй байх учиртай.

-Одоогоор өгч буй одон медалийн нөөц хэр байдаг юм бол?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөвт тусгаад “Зоос гоёл”-д захиалгаар хийдэг. Нөөцөнд байгаа одон медаль ч бий, эсвэл огт байхгүй жил жилд захиалгаа өгөөд хийлгэдэг ч одон тэмдэг бий.

-Зарим шагналыг хассан гэх мэдээлэл байна. Ямар одон медалийг хассан юм бол?

-Хуулийн төслийг боловсруулахдаа уламжлал, залгамж чанараа алдахгүй байхыг эрмэлзсэн. Хөдөлмөрийн баатар, Улсын баатар гэж байсныг Монгол Улсын баатар гэж нэг цол болгосон, олон гавьяат байсныг Гавьяат зүтгэлтэн болгосон. Мөн хадгалж үлдсэн одон гэвэл Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар одон медаль байна. Шагнал олгохдоо таван шалгуур тавьж байгаа юм. Нэгдүгээрт амжилт гавьяагаар нь, хоёрдугаарт ажил мэргэжлийн онцлогоор, гуравдугаарт эрэмбэ тогтооно, дөрөвдүгээрт хугацаа тогтооно, шагналын тоо, жил тэмдэглэлт өдөрт тусгайлан олгох зэргийг нарийн тусгах юм. Хүний нэртэй одонгуудаас Чингис хааны нэртэй одонг хадгалж үлдсэн. Алдар цуутай хүн бүрийг одон болгож хувиргаад байж болохгүй.

-Иргэдийн дунд шагналд тодорхойлсон ч 2-3 жилээр хариу нь ирэхгүй хүлээж байна, гавьяатын шагнал 6 сая төгрөгийн ханштай гэх мэт яриа байдаг. Энэ мэт гомдол санал таньд ирдэг үү?

-Нэг сумынхан хоёр гурван зуугаараа шагналд тодорхойлдог. Өгсөн өгөөгүй гээд бөөн хэл ам үүсдэг хариуцлагагүй хандлага бий. Одоо гэхэд гавьяат цол хүссэн 8000 хүн байна. Төрийн одон медалийг худалддаг, зардаг, зуучилдаг асуудал байвал зогсооё гэсэн чиглэлтэй ажилладаг. Ийм асуудал гарвал Ерөнхийлөгчийн Тамгын газарт ханд. Хуулийн байгууллагаар шалгуулах болно. Асуудал үүсгэсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж л таарна.

-Шагналыг үнэ цэнэтэй байлгах, эзнээ олсныг батлахын тулд тухайн хүнийг алдаршуулдаг. Энэ хуулийн төслийг дагалдуулж журам гаргавал ямар вэ? Шагналыг тодорхойлдог журамд өөрчлөлт орж байгаа юу?

-Шагналыг тодорхойлдог журамд өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, Алтангадас одонг жилд 1000 хүртэл хүнд олгоно гэвэл нийт суманд хуваарилах нь. Тэгвэл нэг суманд жилдээ 2 хүн л авах юм байна гэж тооцож тодорхойлолтоо ирүүлэх хэрэгтэй. Шагналд тодорхойлж байгаа хүмүүс энэ бүхнийг тооцох ёстой.

Чингис хааны одон авах гэж байгаа иргэнийг 10-аад хоногийн өмнөөс зарладаг. Олон нийт тухайн хүнийг харж, хийсэн бүтээсэн нь алдаршдаг.  Ер нь одон медалийн зарлигийг аль болох цөөлөхийг хичээж байгаа. Одон авсан хүмүүс хийсэн бүтээснийг үнэлсэнд баярлалаа, хийж бүтээх урам өглөө гэдэг. Хамгийн гол шалгуур нь хийсэн бүтээснийг нь үнэлсэн байх явдал юм. Гол нь тодорхойлолт байх болно.

-Ойн медалиудыг яаж олгох вэ?

-Байгууллагуудын одон гэж байдаг. Тухайлбал, Ард түмний гавьяат гээд олон нийтийн байгууллага оруулдаг. Төрийн одон медальтай давхацсан нэртэй медаль байж болохгүй. Чингис хааны нэртэй Эрдэнийн Очир, Хөдөлмөрийн хүндэт, Алтан гадас гэх зэрэг медалийг олон нийтийн байгууллага давхардуулж олгохгүй. Бас медаль, одон гэж нэртэй байж болохгүй.  Хариуцлагын хуулинд энэ талаар зааж өгч байгаа. Үүнийг журамлах хэрэгтэй. Байгууллагын шагналыг олговол  Алтан гадас одонгоор л шагная гэж байгаа. Нэг шагнагдсан бол дахин шагнахгүй. Нэхэн шагнах шагналд Улсын баатар цол, Шударга журам медалийг оруулж байгаа. Төрийн байгууллагын хувьд олгох шагнал нь Засгийн газрын хуралдаанаар шийдэх ёстой. Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог Шилдэг залуу эмч, эрдэмтэн, оюутан гэж байдаг. Мөн Ерөнхийлөгчийн шилжин явах цом цаашдаа олгогдоно. Алтан бөмбөг гэх зэрэг байгууллагуудын олгодог цом нь олон нийтийн түвшинд байж болно. Хамгийн гол нь төрийн олгож байгаа одон медальтай давхцаж  таарахгүй.

-Өнгөрсөн онд та хэдэн хүнийг шагнав. Ажлаа авснаас хойш хичнээн хүн шагнав. Ер нь хамгийн олон олгогддог шагнал юу вэ?

-Нийт насанд хүрсэн иргэдийн нэр усыг оруулаад цахим бүртгэлтэй болсон.  Бүртгэлээр хэн хэзээ ямар шагнал авсан гэдгийг харж болдог. Хамгийн их олгогдог шагнал бол Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон юм. Хэдий хэрийн шагнал гардуулсан бэ гэдгийг эргэж харах бүрэн боломжтой. Учир нь шагналын статистик бэлэн бий. Энэ хуулиар бол, олгогдох шагналын тоо 3-5 дахин буурна.

-Энэ удаагийн парламент баталж амжих болов уу?

-Өнөөгийн түвшинд одон олгох эрх Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулагдаж байгаа. Үүнийг хуульчлая л гэсэн хэрэг. УИХ батлахгүй гэвэл дараагийн сонголтыг Ерөнхийлөгч хийх эрхтэй гэдгийг Үндсэн хуулинд заасан.

Б.Туул

Related news