Нийгмийн хамгааллын салбарт Монгол-Туркийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-11 10:24:00

Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нар энэ сарын 8-нд Төрийн ордонд уулзлаа.

Сайд С.Эрдэнэ энэхүү уулзалтын үеэр нийгмийн хамгааллын салбарт Монгол-Туркийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, БНТУ-ын нийгмийн хамгааллын салбараас туршлага судлах, хоёр улс хооронд мэргэжилтэн солилцох, сургалт дадлагын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэйгээ дурдахын сацуу энэ оны 2 дугаар сард БНТУ-д айлчлал хийх саналтай байгаагаа уламжиллаа.

Элчин Сайд Мурат Карагөз Сайд С.Эрдэнийг Туркийн Засгийн газар хүндэтгэлтэйгээр хүлээн авахыг дурдаад Турк-Монголын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулах нь Турк Улсад ажиллаж амьдарч буй 3000 орчим монгол иргэдэд ач холбогдолтой болохыг дурьджээ.

Related news