Афганистаны байдлын талаарх НАТО-гийн нууц тайланг нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-11 11:17:17

БЕРЛИН. /AP/. Афганистаны цэргүүдийн байлдааны чадваргүй байдлын улмаас тус улсын аюулгүй байдлын салбарт 2016 онд байдал дордсон хэвээр байна гэж НАТО-гийн нууц тайланд дурдсан тухай “Spiegel” сэтгүүлд мэдээлжээ.

Тус сэтгүүлд нийтлэгдсэн баримт бичигт дурдаж буйгаар, хэдийгээр олон тэрбум доллар зарцуулж байгаа боловч Афганистаны цэргүүд үүргээ биелүүлж чадахгүй байна. Тухайлбал, явган цэргийн 101 анги нэгтгэлээс бодит байдал дээр ердөө нэг нь байлдааны бүрэн чадвартай, харин 38 нь “маш олон тооны асуудалтай” аж. НАТО-гийн тайланд тус бүр 600 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй 10 батальоныг байлдааны чадваргүй гэж тодорхойлсон байна.

Талибууд үйл ажиллагаа явуулдаг Афганистаны өмнөд нутагт илүү хүнд байдал үүсчээ. Тухайлбал, Кандагар болон Забул мужид байрлаж буй Афганистаны армийн 205 дугаар корпусын 17 батальоноос ердөө 12 нь байлдааны ажиллагаанд хязгаарлагдмал байдалтайгаар оролцож чадах аж.

Тайланд дурдаж буйгаар, Афганистанд өдөр бүр 22 цэрэг амиа алдаж байгаа бол тус улсын армийн алдсан цэргийн тоо 8000 давжээ. Цэргүүд олноороо оргож босгож, зарим нь талибуудын талд орж байгаа нь байдлыг улам дордуулж байгаа аж.

Олон улсын эвслийн цэргүүдийг гаргасны дараа “Талибан” хөдөлгөөн Афганистаны газар нутгийн томоохон хэсгийг дахин хяналтдаа авчээ. Талибууд тус улсын өмнөд нутгийн Гильменд болон Кандагар мужаас Засгийн газрын цэргүүдийг бүрэн шахаж гаргаснаас гадна, хойд Кундуз болон Бадахшан мужийн томоохон газар нутгийг эзлэн авсан байна. Талибууд 2015 оны есдүгээр сард Кундуз хотыг эзлэн авсан бөгөөд Афганистаны арми зөвхөн эвслийн агаарын цохилтын дэмжлэгтэйгээр тус хотыг талибуудаас чөлөөлж чадсан билээ.

Террорист “Лалын улс” бүлэглэлд үнэнч байхаа тангарагласан 1600 орчим босогч Афганистаны зүүн нутагт оршдог дөрвөн мужийн талыг нь эзлэн авсан тухай 12 дугаар сарын 6-нд мэдээлжээ. Террористуудын зорилго нь Пакистантай залгаа хилд шинэ “халифт” муж байгуулах гэдгийн онцлон тэмдэглэж байна. Афганистанд явуулж буй “Лалын улс”-ын ажиллагаа амжилттай болж байгааг Их Британи болон Америкийн цэргүүдийг гаргасантай, мөн “Талибан” хөдөлгөөн дотроо хагарсантай холбон тайлбарлаж байна.

Д.Жаргал

 

Related news