Ерөнхий боловсролын 200 сургуульд 3000 ам.долларын тэтгэлэг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-11 12:31:14

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд ерөнхий боловсролын 200 сургууль тус бүрт 3000 ам.доллар буюу нийтдээ 1 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг гардуулав.

БСШУЯ-наас бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанарыг сайжруулж, сургуулийн түвшний төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулах, сургалтын цөм хөтөлбөрийг дэмжих зорилготой тус төслийн хүрээнд өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд тэтгэлэг олгох ёслол болов.

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн хөтөлбөрийг дэмжих төслийн шалгаруулалтад амжилттай оролцон шалгарсан нийт 120 мянга орчим хүүхдийн хүрээнд хэрэгжих 200 сургууль тус бүр 6 сая төгрөг буюу 3000 ам.долларын тэтгэлэг олгож байгаа юм.

Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр “Сургууль бүрт хичээлийн танхим бүрт цөм хөтөлбөрийн хэрэгжилт ид өрнөж байгаа үед хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор дэмжих шинэ төслийн санааг дэвшүүлэн, судалгаа хийж хэрэгцээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж өөрсдөө бие даан хэрэгжүүлэх “Сургуулийн тэтгэлэг”-т хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь сургуулийн бие даасан байдал, сургуулийн хөгжилд ихээхэн тус нэмэр болно хэмээн төлөвлөж энэ ажлыг санаачлан хийж байна” хэмээн БСШУ-ы сайд Л.Гантөмөр онцлов.

Тус хөтөлбөр 3 үе шаттай хэрэгжих бөгөөд нийт төрийн өмчийн 635 ЕБС бүр оролцоно. Нэгдүгээр шатны төслийн сонгон шалгаруулалтад 400 сургуулийн төслийн санал ирсэнээс 200 нь шалгарч уг тэтгэлгийг гарджээ.

Дэлхийн банкны хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-наас хэрэгжүүлж буй 30 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтыг дэмжинэ. Ингэснээр олон улсын түвшинд чухал ач холбогдол өгч байгаа STEM боловсролыг хөгжүүлэх, чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүргэх зорилготой юм.

Д.Өлзий

Related news