Лабораторийн хуучин тоног төхөөрөмжийг музейд хадгалуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-11 13:45:55

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар лаборторидоо ашиглахаа больсон тоног төхөөрөмжүүдийг үзмэрийн зориулалтаар музейн сан хөмрөгт өгчээ.

Аль нэг байгууллага үйл ажиллагааныхаа нэгэн үеийн түүхийг илтгэх эдлэл хэрэгсэл, багаж төхөөрөмжийг музейд өгч байгаа анхны тохиолдол нь энэ бөгөөд музейд Мэргэжлийн хяналтын байгууллагын он цагийн түүхчилсэн булан гаргах үед эдгээр нь сонирхолтой үзмэр болж хадгалагдана гэж музейн захирал С. Бямбажав хэллээ. 

1985 онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын шинжилгээний лабораторийг Дундговь аймагт байгуулж байсан түүхтэй. Лаборатори нь хүнсний үйлдвэрийн лабораторит хяналт тавьж, бүтээгдэхүүнээс нь дээж авч шинжилдэг, хөдөө аж ахуйн нэгдлүүдийн бэлтгэн нийлүүлдэг ноолуур, цөцгийн тос зэрэг бүтээгдэхүүнд чанарын шинжилгээ хийдэг, лаборант, харуул, лабораторийн инженер гэсэн бүтэцтэй цомхон байгууллага байжээ.

Лаборатори Стандарт хэмжил зүйн төвийн дэргэд ажиллаж байгаад хэдэн жилийн өмнө аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын харъяанд шилжсэн юм. Лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэхийн тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн бөгөөд ингэснээр урьд ашиглаж байсан багаж төхөөрөмжөө ашиглалтаас хасч, үзмэрийн зориулалтаар ийнхүү музейд өгсөн  ажээ.

Музейн сан хөмрөгт бүртгэгдсэн 19 төрлийн багаж төхөөрөмж нь  лаборатори анх байгуулагдсан үеэс 2008 он хүртэл ашиглагдаж байжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news