“Цахим эрүүл мэнд” төсөл Өмнөговь аймагт нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-01-11 16:51:40

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж иргэдэд ил тод, нээлттэй хүртээмжтэй болгох үүднээс төв эмнэлэг, төрөлжсөн  мэргэжлийн төвүүд, аймаг болон дүүргийн  эмнэлгүүдийн  үйл ажиллагааг  цахим тогтолцоонд  шилжүүлэх ажил Өмнөговь аймгаас гараагаа эхэллээ.

БНХАУ-ын Засгийн газраас хөнгөлттэй хэрэгжүүлж  буй “Цахим эрүүл мэнд” төслийн нээлтийн ажиллагаа тус аймагт болов. Энэхүү нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар болон аймгийн удирдлага бусад албаны хүмүүс оролцсон юм. 

Шадар сайд төслийг нээж хэлэхдээ, “Мэдээллийн технологийн дэвшлийг  эрүүл мэндийн салбарт  зөв зохистой нэвтрүүлснээр  эрүүл  мэндийн тусламж үйлчилгээний  чанар хүртээмжийг  дээшлүүлж, хүлээгдэл чирэгдлийг бууруулж  эмч, эмнэлгийн мэргэжилтэн  болон удирдлагуудын  шийдвэр гаргалтыг оновчтой  болгож чадна. Энэхүү төслийг Өмнөговь нутагтаа амжилттай хэрэгжүүлж, говь нутгийн хүн ардын эрүүл мэнд, эрүүл орчинд ажиллаж амьдрах, хүн арддаа хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гэдэгт итгэл төгс  байна” хэмээн  онцоллоо.

Тэрбээр тус аймгийн Эрүүл мэндийн газарт дээрх төслийн хүрээнд 74 сая төгрөгийн өртөг бүхий 6 нэр төрлийн тоног төхөөрөмж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд  383,8 сая төгрөгийн өртөг бүхий  23 нэр төрлийн тоног төхөөрөмж, ЗӨСҮТ-д 10 сая төгрөгийн  өртөг бүхий 6 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

Төсөл нь нийтдээ  18,9 сая ам.долларын  өртөгтэй бөгөөд нийт 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн программ хангамж нийлүүлж  байгаа юм.

Энэхүү тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Хуавэй компани нийлүүлж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр түншлэгч байгууллагууддаа үйлчилгээ үзүүлдэг аж.

Ж.Болор

 

Related news