Ирээдүйн тэтгэврийн санг бодит мөнгөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-13 09:29:43

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнгөрөгч баасан гарагт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд МАН-ын бүлгийн гишүүд хууль хэлэлцдэг дэгийн тухай хуулийг зөрчиж байна. Уг хуулийн төслийг нэг өдрийн өмнө хүлээж авсан. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэний дараа байнгын хорооны хуралдаанд оруулж ирэх нь зүйтэй. Түүнчлэн хуулийн төсөл нь улс орны эдийн засагтай холбоотой тул Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналтай байгаагаа хэлж байв. Байнгын хорооны дарга Д.Батцогт, "Уг асуудлыг УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу хэлэлцэж байна. Асуудлыг хойшлуулах боломжгүй" гэсэн хариулт өгсөн юм.

Салбарын сайд С.Эрдэнэ энэ үеэр, "2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, 1960, 1970-аад оныхон тэтгэвэрт гарах үед өнөөгийн тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21.9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна. Дундаж наслалт нэмэгдэж нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болох нь.

Гэтэл өнөөдөр тэтгэврийн даатгалын санд нэг ч төгрөг байхгүй. 13 их наяд төгрөгийн бичилт  хийсэн байдаг. Иймээс тэтгэврийн даатгалын санд өнөөдөр нэгэнт эрсдэл үүссэн. Эрсдлээс яаж гарах вэ, нэрийн дансыг яаж мөнгөжүүлэх вэ гэдгийг бид олон жил ярьлаа.

Тиймээс Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх үнэт цаасыг шилжүүлж авах процесс явагдана гэж ойлгох хэрэгтэй" гэлээ.

Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Б.Туул

Related news