Хамгаалалтын захиргаад ямар менежменттэй ажиллах чиглэл өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-01-13 10:25:30

БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас зохион байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн дэд төсөл шалгаруулах ажлын хүрээнд Төв, Хангай, Зүүн бүсүүдийн хамгаалалтын захиргаадын дарга нартай БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг уулзалт, ярилцлага хийлээ.

Сайд Н.Батцэрэг хамгаалалтын захиргаадын дарга тус бүртэй тухайн хамгаалалтын захиргаанд тулгамдаж буй асуудлынх нь талаар товч ярилцаж, санал солилцож аймаг орон нутгийн удирдлагууд, иргэдтэй хэрхэн хамтарч ажилласан, тэднээс дэмжлэг авсан эсэх, сайд, засгийн газрын төвшинд дэмжлэг авч шийдүүлэх болон шийдүүлсэн ажлаа тайлан мэдээндээ тусгаж байх талаар зөвлөв.

Мөн АНУ-ын элчин сайдтай хийсэн уулзалтанд яригдсан АНУ-ын Денвер хотын ойролцоо байдаг тусгай хамгаалалттай газартай эгч дүүс паркын харилцаа байгуулж хамтарч ажиллах санал тавьж дэмжигдсэн талаар дуулгасан юм.

Энэхүү дэд төслийн хүрээнд шалгаруулах төсөлд хамгаалалтын захиргаадад орон байр бариулах талаар тусгах, аливаа асуудлыг байгаль хамгаалах тал дээр зөрчилдөж бус зөвшилцөж шийдвэрлэх чиглэл барьж, байгаль хамгаалагчийн эрхийн тал дээр асуудлыг газар дээр нь шийдвэрлэх бүрэн эрх олгох хуулийн төсөл явж байгаа тухай дуулгасан. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарт цаашид хамгаалалтын захиргаад ямар менежменттэй ажиллах тал дээр үүрэг өгч, ажлаа богино хугацаанд дүгнэхийг үүрэг болгов.

Related news