АИХ-ын депутатуудыг Монгол Улсын төрийн одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-13 13:14:02

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой  өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ардын Их Хурлын 23 депутатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. 

Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдрөөр Ардын Их Хурлын депутат Н.Пүрэвдорж, С.Пүрэвдорж, Б.Осор, И.Гүлхүү, Л.Лантуу, Ч.Пунцаг нарын ахмад депутатуудад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог  шагналыг гардуулав. 

 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилт, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, зах зээлийн харилцааны зарчмуудыг тод томруун тусгасан Ардчилсан шинэ Үндсэн хуулийг Ардын Их Хурал баталжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 

Related news