Сэлэнгэ аймагт 1400 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 13:36:27

Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдийг сургалтанд хамруулж гэрчилгээ олгох гэнэ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд төрийн 32, хувийн хэвшлийн 3, сувиллын нэг нийт 36 цэцэрлэгт 7394 хүүхэд хамрагдаж, СӨБ-ын хамран сургалт 91.8 хувьтай, цэцэрлэгийн хамран сургалт 82.3 хувьд хүрчээ. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад 0.8 хувиар ахисан хэдий ч цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 1482 хүүхэд байгаа юм.

Тус аймагт хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлт гаргасан 154 иргэн, Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай 1147 хүүхэд бүртгэгджээ. Эдгээрээс Цагааннуур суманд Хүүхэд харах үйлчилгээнд нийт 297 хүүхэд бүртгэгдсэн нь аймгийн хэмжээний хамгийн олон хүүхэд хамрагдах хүсэлтэй ирүүлсэн сумын тоонд орж байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд 0-18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 375 хүүхэд бүртгэлтэй бөгөөд эдгээр хүүхдүүд тус үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь тус хуулийн 6.4-д заасан баримт бичиг, материалыг бүрдүүлэн хүсэлт гаргасан иргэнийг сургалтанд хамруулахаар бэлтгэлээ базааж байна. Сургалт энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, сургалтанд оролцсон иргэдэд гэрчилгээ олгох юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news