Ховд хотын Кино театрыг Хатанбаатар Магсаржавын нэрэмжит болгож байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 16:15:23

Хатанбаатар Магсаржавын гэгээн дурсгалыг мөнхжүүлэн Ховд хотын Кино театрыг Хатан баатар Магсаржавын нэрэмжит болгож байжээ.

С.Магсаржав 1877 онд Сайн ноён хан аймгийн Ганжууржав түшээ гүний хошууны нутаг Гучин Гурт Гурван Хайлантай хэмээх газар төрсөн. Тэрээр бичгийн болон цэргийн эрдэмд сайн боловсорсон цэргийн гарамгай жанжин, монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч монголын төрийн нэрт зүтгэлтэн байв.

1911 онд Хатанбаатар Магсаржавыг Ховдын халхын жасаанд төлөөлөгчөөр томилон суулгажээ.

Тэрээр Ховдод очоод Монгол Улсын засгийн газраас өгсөн үүргийн дагуу Их хүрээ Улиастайд манжийн ноёрхол устаж, тусгаар тогтносон Монгол Улс байгуулагдсаныг Ховдын амбанд албан ёсоор мэдэгдэж, баруун хязгаарын бүрэн эрхийг халхын жасаанд шилжүүлэн өгөхийг тулган шаарджээ. 

Гэтэл Ховдын амбан энэ шаардлагыг үл зөвшөөрөн цэрэг нэмэн бэлтгэж, шинээр хамгаалалт байгуулан халхын жасааныхныг хүйс тэмтрэн устгаад, эсэргүүцэн тэмцэхээр бэлтгэж буй нь илэрхий болсон тул Магсаржав цагийн байдал хүндэрсэн энэ үед улсаа бат тогтоохын билэгшээл болгон төрийн тамгаа авч гардаг заншилтай монгол төрийн ёсоор халхын жасааны тамгыг авч Нийслэл хүрээнд хүрэлцэн иржээ. Монгол Улсын засгийн газар хэрэг явдал ийнхүү онц түгшүүртэй болсон үед баруун хязгаарыг түвшитгэн тогтоох сайдад Манлай баатар ван Дамдинсүрэн, Хатан баатар Магсаржав нарыг томилон их цэргийн хамт нийслэл хүрээнээс мордуулжээ.

Ийнхүү Ховд хотыг чөлөөлөх байлдааныг гардан удирдаж баруун монголыг манжийн ноёрхолоос чөлөөлөхөд гарамгай гавъяа байгуулсан учир Түшээ гүнгийн хэргэм, Хатан баатар цол, Үе улирах хошууны бэйс, хоёр нүдэт тогосон отогоор сайшаан шагнажээ.

​ ​


Магсаржав 1921 оны эхээр монгол ардын түр засгийн газрын цэргийн ерөнхий жанжин Д.Сүхбаатартай холбоо барьж, ардын хувьсгалыг дэмжин улмаар Нийслэл хүрээг чөлөөлж, ардын эрхт монгол улс байгуулагдсаны дараа Улиастайд байсан Вандановын цэргийг гэнэдүүлэн цохиж баруун монголыг чөлөөлөх дайнд оролцжээ. Тэрээр 1921 онд цэргийн яамны дэд сайд, 1923 оноос тэргүүн сайдаар томилогдон ажиллав. С.Магсаржав монгол, орос цэргийн хамтын ажиллагааг үүсгэн бэхжүүлэх шинэ армийг бататган улс төр байлдааны чадварыг дээшлүүлэх талаар их зүйл хийсэн хүн юм.

Иймээс түүний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн 1948 онд Ховд хотын Кино театрыг Хатан баатар Магсаржавын нэрэмжит болгож байжээ.

А.Бямбасүрэн

 

Related news