НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-01-16 15:15:23

НӨАТ-ын урамшууллын системийн сугалааны анхны тохирлыг маргааш 19:30 цагаас МҮОНТ-ээр шууд дамжуулна.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ баримтаар сугалаанд оролцох боломжтой.

Сугалаанд оролцох хүсэлтэй иргэд нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт өөрийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар болон Монгол Улсад бүртгэлтэй банкны нэр, дансны дугаарыг бүртгүүлсэн байх шаардлагатай. Мөн борлуулагчаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан байх, улмаар худалдан авалтыг нотлох нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээлэл агуулсан төлбөрийн баримтыг авсан байх ёстой юм. Түүнчлэн сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд худалдан авалт хийсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор бүртгүүлсэн байна гэж сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журамд тусгажээ.

Сугалааны тохирол энэ онд нийт 18 удаа болно. Та сугалаанд оролцсоноор 20.000-100.000.000 хүртэлх төгрөг хожих боломжтой. Өөрөөр хэлбэл, бар код бүхий төлбөрийн баримтын сүүлийн 3 орон таарсан тохиолдолд 20.000,  4 орон таарсан бол 100.000 гэх мэтээр хожих мөнгөн дүн өсч, нийт 8 орон таарвал 100.000.000 төгрөг хожих аж.

Б.Туул

Related news