УИХ ирэх долоо хоногт шахуу хуваариар ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын ирэх долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь гарлаа.
УИХ ирэх долоо хоногт шахуу хуваариар ажиллах нь. Өнгөрөгч баасан гарагт чуулганы үдээс хойшхи хуралдаан ирц бүрдээгүйгээс товд орсон ихэнх асуудлаа хэлэлцэж чадалгүй өндөрлөсөн. Иймээс УИХ-ын дарга З.Энхболд ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдааныг байнгын хорооны дундуур нэмж хуралдуулна гэдгээ мэдэгдсэн.
Ирэх даваа гарагт нам эвслийн бүлгийн хуралдааны дараа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Мягмар гарагт чуулганы хуралдааныг наашлуулах ба харин лхагва гарагт Төрийн байгуулалт, Төсөв, Хууль зүй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тус тус хуралдахаар тов гарчээ.
Пүрэв болон баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаантай. Гурван өдрийн чуулганы хуралдааны хуваарьт нийгэмд хүлээлт үүсээд байгаа ипотекийн үйл ажиллагааг гацаанаас гаргах хуулийн төсөл, хүүхдийн мөнгөний асуудал, цэцийн үйл ажиллагаанд орох зарим өөрчлөлт, Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг асуудлууд багтсан байна.
Б.Туул