Улсын аварга боксчид “Рио-2016”-г зорих эрхийн төлөө тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-17 19:38:44

Боксын насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ий аваргын алтан медалийн төлөөх шигшээ тоглолтууд ням гарагт болж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн УАШТ нь “Рио-2016” зуны олимпийн наадмын жил гэдгээрээ онцлогтой. Учир нь Улсын аваргаар тодорсон тамирчид Риогийн олимпийн эрхийн төлөө хүч үзэх эрх авах юм.

Энэ жилийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ түрүүлж улсын аваргын тав дахь алтан медалиа зүүлээ. 2015 оны улсын аварга, өнгөрсөн 12 дугаар сард болсон Монгол туургатны боксын анхдугаар наадмын шигшээд Г.Ган-Эрдэнэ, БГД-ийн Г.Ариунболд нар учраа таарсан бол энэ удаа ч тэд аваргын төлөө тоглож Г.Ган-Эрдэнэ ялав. Хүрэл медалийг БГД-ийн Д.Мөнх-Эрдэнэ, Ко клубын Ц.Жамъяанбат нар хүртлээ.

Харин 52 кг-д Алдар спорт хорооны тамирчин Х.Энх-Амар, Хилчин спорт хорооны боксчин Б.Гандулам нарын тулаан онц сонирхолтой, ширүүн өрсөлдөөнтэй болж үзэгч олны догдлуулсан юм. Эн тэнцүүхэн тулаанд шүүгчийн саналаар 2:1-ээр Х.Энх-Амар ялж улсын аварга болов.

Тус тэмцээний 56 кг-д Э.Цэндбаатар, хашир туршлагатай ОУХМ Э.Идэрхүүтэй тоглож өмнөх ялалтаа батлан алтан медал хүртлээ. Тэрбээр Монгол туургатны анхдугаар боксын наадмын шигшээд Э.Цэндбаатар Э.Идэрхүүг ялж түрүүлсэн. Хүрэл медалийг Говь цогцолборын Б.Мишээлт, Сүлд спорт хорооны А.Даваадалай нар хүртлээ.

Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Д.Отгондалай 60 кг-д туршлагтай ОУХМ О.Батхүүг ялж, улсын аваргын долоо дахь түрүүгээ авлаа. Одоо түүнийг олимпийн дэвжээнээс медаль хүртэхийг монголчууд хүлээж, найдаж байгаа юм. Мөнгөн медалийг Хангарьд спорт хорооны тамирчин О.Батхүү хүртэв. Хүрэл медалийг Ц.Пүрэвсүрэн, З.Шинэчагтага нар хүртэв.

УАШТ-ий 64 кг-д Б.Чинзориг түрүүлснээр дөрөв дэх алтан медалиа зүүв. Мөнгөн медалийг О.Норовбал хүртлээ. Энэ жилийн УАШТ-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ гэмтлийн улмаас оролцоогүй. Хүрэл медалийг Хангарьдын А.Бадар-Ууган, Баянхонгорын М.Батбаяр нар хүртлээ.

"Хүч" спорт хороо, Ариг банкны тамирчин ОУХМ Б.Түвшинбат 69 кг-д түрүүллээ.Тэрбээр шигшээд "Сүлд" спорт хорооны тамирчин О.Батзоригийг 3:0-ээр ялж, ес дэх удаагийн улсын аварга болов. Хүрэл медалийг БЗД Д.Давааням, Говь цогцолборын тамирчин Норовбал нар хүртлээ.

Харин 75 кг-д ОУХМ  Алдар спорт хорооны тамирчин Н.Шинэбаяр түрүүлж, Хангарьд спорт хорооны боксчин Ж.Отгонжаргал /3:0-ээр/ мөнгөн медаль зүүлээ. Өнгөрсөн жил Ж.Отгонжаргал түрүүлж Н.Шинэбаяр мөнгөн медаль хүртсэн бол энэ жил даагаа нэхэж аварга цолоо эргүүлж авлаа. Хүрэл медалийн эздээр Сүлд спорт хорооны тамирчин О.Олзбаатар, Хангарьд спорт хорооны Далай нар тодорлоо.

Хангарьд спорт хорооны тамирчин С.Эрдэнэбаяр 81 кг-д Алдар спорт хорооны тамирчин Т.Ибраймтай шигшээд тулалдаж 2:1-ээр ялж аварга боллоо. Хүч спорт хорооны Б.Ганбат, Булган аймгийн тамирчин Ганзориг нар хүрэл медаль хүртлээ.

УАШТ-ий 91 кг-д Алдар спорт хорооны тамирчин Т.Ерболат түрүүлэв. Мөнгөн медалийг Хилчин спорт хорооны тамирчин Т.Чулуунтөмөр хүртлээ. Хүрэл медалийг Сүлд спорт хорооны тамирчин Д.Отгонбаяр, Зоригтбаатар нар хүртлээ.

Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий хамгийн хүнд жин +91 кг-д Говь цогцолборын тамирчин Х.Мандахбаяр түрүүллээ. Түүний хувьд өнгөрсөн жил дэвжээ нэгт Т.Энхбаярт ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Хилчин спорт хорооны Б.Ганбаяр мөнгөн медаль хүртэж, хүрэл медалийн эздээр Хүч спорт хорооны боксчин Н.Батбаатар, Дорнод аймгийн боксчин Ш.Тогтохбаяр нар тодорлоо.

Д.Өлзий

Related news