Цасанд боогдсон 30 гаруй машиныг татаж гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-18 11:40:28

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Цасан шуурганы үеэр иргэд автомашинтай цасанд боогдсон гэсэн дуудлага зонхилсон байна.

Онцгой байдлын албаны албан хаагчид Төв, Увс, Говь-Алтай аймагт цасанд боогдсон 160 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж, 30 гаруй автомашиныг цаснаас татан гаргажээ.

Тухайлбал, Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн “Сүүжийн баян” гэдэг газар Улаанбаатар-Өмнөговь-Цагаан хадын чиглэлд явсан хүн тээврийн автобус /34 зорчигчтой/ цасанд суусан тухай мэдээллээр аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Автотээврийн газрын албан хаагчид ажиллаж “Аж мянган” ХХК-ийн УБК 57-98 улсын дугаартай Хюндай загварын автобусыг татан гаргажээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан багийн “Хадаасан” гэдэг газар том, жижиг нийт 10 гаруй автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, нийт 7 автомашин, 90 хүнийг  цаснаас татан гаргаж, гаргах боломжгүй 8 машиныг үлдээж, 25 хүнийг тээвэрлэн аймгийн төвд хүргэж ирсэн.

Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын зааг “Зостын хөтөл” гэдэг газар 27-20 УВХ улсын дугаартай микроавтобус цасанд боогдсон тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид  ажиллаж, жолооч М /31 настай, эрэгтэй/, Ц /48 настай, эмэгтэй/, Т /53 настай, эрэгтэй/ нарыг цасанд боогдсон байсныг татан гаргажээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Хатуугийн даваа” гэдэг газар 88-74 УБГ улсын дугаартай “Ланд крузер-100” загварын автомашин цасанд боогдсон тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /37 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, И  /1 нас 5 сартай, охин/ нарыг цаснаас татан гаргаж, аймгийн төвд авчирсан байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр цаашид ч ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч улам чангарах төлөвтэй байгаа тул иргэд мэргэжлийн байгуууллагаас өгч буй сэрэмжлүүлэх мэдээлэлд ач холбогдол өгч, цаг агаарын мэдээллийг тогмол сонсч, цасан шуурганы үеэр замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд аян замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хүрз гэх мэт багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцас, халуун хоол хүнс бэлтгэн аюулгүй байдлаа хангаж явахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Ж.Болор

Related news