Зүүн бүсийг хангах цогц худалдааны төв ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 11:46:07

Хэнтий аймгийн Чингис хотод Зүүн бүсийн анхны томоохон худалдааны цогцолбор энэ сарын 21-ны өдөр ашиглалтад орно.

Энэхүү худалдааны төв нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн бизнес эрхлэгч, худалдан авагчдад зориулсан худалдааны цогцолбор төв болж байгаагаараа онцлогтой бөгөөд Чингис хотын “А” зэрэглэлийн бүсэд, төв Хаан банкны замын эсрэг талд байрлаж байна.

Худалдааны төв нь орчин үеийн чанарын шаардлага хангасан нийтдээ 260 тохилог, өнгө үзэмжтэй лангуу бүхий 6300м2 талбайг хамрах 2 объектоос бүрдэхээс гадна гаднаа 200 автомашины зогсоол бүхий талбайтай юм. Тус төв ашиглалтад орсноор захиргаа үйлчилгээний 25 ажилтан, 280 гаруй түрээслэгчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж  300 орчим иргэнийг ажлын байраар хангах аж. Мөн зүүн бүсийг хямд үнэ, чанарын өндөр баталгаатайгаар бэлэн хувцас, хүнс, мах, ногоо болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаагаар хангана гэж албаныхан онцоллоо.

Худалдааны төвийн лангуу нь м2 нь 15000 төгрөгийн  үнэтэй

Зүүн бүсийн худалдааны төв нь одоогийн байдлаар 220 гаруй лангуундаа түрээслэгчийн захиалгыг авсан бол одоо 40 лангуу үлдээд байгаа ажээ.  Тус худалдааны төвийн лангуу нь м2 нь 15000 төгрөгийн үнэтэй бөгөөд шинээр түрээслэгчиддээ эхний сар 50 хувь, 2 дах сар 20 хувь хөнгөлөлттэй үнээр үйлчилж урамшуулан 3 дах сараас үндсэн төлөлтийн горимд шилжих аж.

2015 оны 4-р сараас тус худалдааны төвийг ерөнхий захиалагч Эвт трак ХХК, туслан гүйцэтгэгч МГЛ ТЕК ХХК, Мөнгөнтулга Өргөө ХХК, Чуз ХХК, Лхатоном, ШИХ ХХК зэрэг зургаан компаний 80 гаруй ажилтан мэргэжлийн өндөр түвшинд барьж гүйцэтгэж байна.

Барилгын ажил одоогийн байдлаар 90 гаруй хувьтай явагдаж байна.

О.Буянхишиг

Related news