Хятадын Засгийн газрын “Нэг Хятад” зарчим өөрчлөгдөхгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-01-18 12:28:26

Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй энэ сарын 16-нд  Тайваньд болж өнгөрсөн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан хоёр  эргийн харилцааны талаар мэдээлэл хийснийг Синьхуа  агентлаг 17- ны өдөр уламжилжээ.

Хун Лэй хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг  Нэг Хятад зарчмыг баримтлан  Тайваний тусгаар тогтнолын аливаа хэлбэрийг эсэргүүцэн,  хоёр  эргийн харилцаа хөгжлийг урагшлуулах  бодит үйл ажиллагааг  дэмжинэ гэдэгт итгэж байна. Энэ өдөр дууссан Тайваний удирдагчийг сонгох сонгуулийн талаар  ХКН-ын Төв хорооны Тайваний хэрэг эрхлэх алба болон Төрийн Зөвлөлийн  Тайваний хэрэг эрхлэх  газрын хариуцлагатай  албан тушаалтнууд  байр сууриа илэрхийлсэн. 

Тайваний асуудал бол БНХАУ-ын дотоод хэрэг. Дэлхий дээр нэг л Хятад улс оршдог,  эх газар болон Тайвань хамтдаа Хятад улсыг бүрдүүлдэг,  Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг  салгах боломжгүй юм.  Тайваньд болсон сонгуулийн үр дүн энэхүү  бодит үнэн, дэлхийн нийтэд танигдсан ойлголтыг өөрчлөхгүй юм. Тайванийн дотоодод ямар ч өөрчлөлт болсон Хятадын Засгийн Газар  “Нэг Хятад” зарчмыг  баримтлах ба  Тусгаар Тайвань болон Хоёр  Хятад , Нэг Хятад, Нэг Тайвань байхыг эсэргүүцнэ, Хятадын Засгийн Газрын  энэ байр суурь өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй гэв. Мөн  тэрээр Улсын  бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах асуудал дээр  Хятадын Засгийн Газрын  санаа зориг  тууштай бөгөөд  Тайванийг тусгаар тогтнуулах салан тусгаарлах  аливаа хэлбэрийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

   Нэгдүгээр сарын 16 -ны  өдөр Тайваньд Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль зэрэг болж Ардчилсан Дэвшилт намын  Цай Ингвэн ялалт байгуулсан. Энэ жил 59 настай  тэрээр Тайваний анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байгаа бөгөөд тэрбээр Хятадтай  харилцаагаа хэвээр хадгалахын зэрэгцээ харилцан нэгнээ хүндэтгэж, өдөөн хатгалга хийхгүй байхын төлөө ажиллахаа мэдэгдсэн байна. Тайваний хүн амын  тодорхой хэсэг Хятадтай  нэгдэх асуудалд эсрэг байр суурьтай байдаг юм. Бээжин, Тайванийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй сайжирч хоёр талын төрийн тэргүүнүүд өнгөрсөн 11 дүгээр сард анх удаа түүхэн уулзалт хийжээ.

 

Бээжин хот.Д.Энхчимэг

 

Related news