АЭХ-ны дээд чуулганд АН-ын дарга З.Энхболд үг хэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-18 15:06:43

Ардчилсан эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит дөрөвдүгээр дээд чуулганд амжилт хүсч, АН-ын дарга З.Энхболд үг хэллээ.

Тэрбээр, "Монголын ардчиллын түүх хүний амьдралын хоёр үетэй тэнцэхүйц цаг хугацааг туулж, энэ хугацаанд явагдсан бүхий л судалгаагаар Монголын ард түмний 95-аас дээш хувь нь 1990 онд хийсэн ардчилсан сонголтоосоо эргэж буцахыг хүсэхгүй гэж хариулсаар ирсэн байна. Энэ бол ардчилсан хөгжлийн замыг ард түмэн маань бүрэн, эргэлт буцалтгүй сонгож, гэр бүл, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд хүлээн зөвшөөрсөнийг гэрчилж байна. Айл өрх бүрт хүрч байж сая бүрэн дэмжигдсэн энэхүү сонголтонд Монголын ард түмний эрх чөлөөг эрмэлзэх их хүсэл тэмүүллээс гадна өрх гэр бүлийн үнэт зүйлийг бий болгож, хадгалан, уламжлуулагч эмэгтэйчүүдийн нөлөө, оролцоо асар их үүрэгтэй байж ирлээ.
Эмэгтэйчүүд бүхий л салбарт манлайлах чадвартай болтлоо өсч, боловсорч, шинийг санаачилж байна. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхийн тулд саяхан УИХ-аар батлагдсан Сонгуулийн тухай хуульд УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 30 хувьд хүргэлээ.
Ингэснээр мянганы хөгжлийн зорилтод 2000 онд тусгагдаж байсан, Монголын төр өнгөрсөн 15 жилийн турш хэрэгжүүлж баталгаажуулж чадаагүй байсан нэгэн амжилтандаа бид хүрч чадлаа. Хэдийгээр мянганы хөгжлийн зорилт хууль тогтоох түвшинд хэрэгжихэд ийнхүү ойртсон ч, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтод жендерийн тэгш байдлыг хангах зорилт дахин тэргүүлэх зорилтын нэг болж байгаа нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах бүхий л түвшинд үргэлжлүүлэн, тогтвортой дэмжих ёстойг бидэнд сануулж байна.
Ардчилсан нам Монгол улсыг хаалттай байдлаас нээлттэй, дэлхийн улс болгоход манлайлан тэмцсэн улс төрийн хүчний хувьд, дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээнд дэвшүүлж буй тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх ажлын хамгийн эхний эгнээнд явж, зүтгэх гол хүч нь байх ёстой.
Чухамхүү тогтвортой хөгжлийг бий болгоход эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийд ч, манай улсад ч чухал хэрэгтэй юм. Тухайлбал, Ядуурлыг устгах, Өлсгөлөнг зогсоох, Эрүүл мэндийг дэмжих, Чанартай боловсролыг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох, Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх, Тэгш бус байдлыг бууруулах, Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, Хариуцлагатай хэрэглээг дэмжих, Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, Далай тэнгисийн нөөцийг хамгаалах, Хуурай газрын эко системийг хамгаалах, Энх тайван шударга ёсыг цогцлоох, Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх гэсэн дэлхий нийтийн 17 тулгамдсан зорилтыг эмэгтэйчүүдийн идэвхитэй оролцоогүйгээр хангах ямар ч боломжгүй бөгөөд, тэр тусмаа эмэгтэйчүүдийн манлайлалгүйгээр эдгээр чиглэлд удаан хугацааны тогтвортой үр дүнд хүрч чадахгүй билээ.
Монгол орны нөхцөлд дээрх 17 зорилтоос гадна шийдвэрлэх олон асуудал байсаар байгаа бөгөөд бүх шатанд асуудал, шийдлийг зөв томьёолж олоход монголын эмэгтэйчүүдийн өндөр боловсрол, туршлага, найдвартай сайн ажиллах чадавхи гол түшиг болох ёстой. Шийдвэр гаргах түвшний тухайд эмэгтэйчүүдийн ажлын арга барил нь удирдлагын ухааны бүрэн нээгдээгүй нөөц юм. Тухайлбал хүүхэд хамгааллын асуудал, ариун цэвэр, хог хаягдал, эрүүл мэндийн зэрэг олон чиглэлд эмэгтэйчүүд үр дүнтэй, прагматик, хэрэгжүүлэхэд ойр дөт шийдлүүдийг төрийн бодлогод оруулж ирсээр байна. Эмэгтэйчүүд төрөөс гаргаж байгаа шийдвэрийг чанаржуулж, илүү бүтээлч, нягт нямбай болгодогийг УИХ-ын сүүлийн гурван жил хагасын үйл ажиллагааны үеэр олон удаа олж харсан учраас эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд байнга дэмжих ёстой гэдэгт би гүн итгэл үнэмшилтэй болсон юм.
Энэ итгэл үнэмшил бол миний хувьд цоо шинэ зүйл байсныг би нуугаагүй. Олон намын төлөөллийн өмнө би үгээ ил хэлж, олон жилийн турш баримталж байсан байр сууриа өөрчилж, УИХ-д эмэгтэйчүүд нэр дэвших квотыг 30 хувь болгон батлуулахад өөрийн хувь нэмрийг оруулахаа амласан нь саяхан. Амласандаа хүрч чадсандаа өнөөдөр баяртай байна.
Гэхдээ сонгуулийн хуулиар УИХ-ын сонгуулийн түвшинд олгож байгаа энэ чухал боломжийг олон жилийн турш тогтвортой үр дүнтэй байлгах, бүх шатанд эмэгтэй удирдагчдыг төрүүлэх нөхцөл боломжийг өргөнөөр нээж өгөх нь нэн чухал юм. Тэр тусмаа орон нутагт шийдвэр гаргах түвшинд гарч ирэх эмэгтэй удирдагчдын хүний нөөцийн гол эх ундрага болсон боловсрол, эрүүл мэндийн салбарынхныг хуулийн хязгаарлалтаас чөлөөлөх нь эмэгтэйчүүдийг дэмжих томоохон алхам болно гэж Ардчилсан Нам үзсэн юм.
Ийм ч учраас Сонгуулийн хуульд төрийн үйлчилгээний салбарын ажилтнууд эрхэлсэн ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр бүх шатны сонгуульд нэр дэвших эрхийг бид хуулиар саяхан нээж өглөө. Ингэснээр боловсролын салбарын нийт ажиллагсдын 75.8%, эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын 81.4%-ийг эзэлдэг эмэгтэйчүүд улс төрийн сонгуульд нэр дэвших үүдийг нээж чадлаа.
Улсын их хуралд нэр дэвшигчдийн 30 хувийн квот шийдвэр гаргах дээд түвшинд, төрийн үйлчилгээний салбарынхныг сонгуульд нэр дэвших эрхийг хангасан дээрх шийдвэр сум, хорооны түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог эрс нэмэгдүүлнэ гэдэг нь маргаангүй байгаа ч дунд шатны шийдвэр гаргах байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо шууд нэмэгдэнэ гэсэн баталгаа байхгүй хэвээр байна. Ийм учраас дунд шатанд буюу нийслэл, аймаг, дүүргийн сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг бодлогоор дэмжих нь зүйтэй гэж Ардчилсан нам үзэж байна. Хуульд оруулах боломжгүй болсон 2016 оны сонгуулийн нэр дэвшилтийн тухайд бол УИХ-ын сонгуультай нэгэн зэрэг явагдах бүх сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нам дотроо 25 хувиар тогтоох боломжтой гэж Ардчилсан намын даргын хувьд үзэж байна. Учир нь манай намд ийм хэмжээний боловсон хүчний нөөц элбэг бий.
Тухайлбал, хуучин хууль эрх зүйн орчинд эмч, багш нар сонгуульд оролцох бололцоогүй байсан хэдий ч 2012 оны сонгуульд Ардчилсан намаас сумын түвшинд 902 эмэгтэй төлөөлөгч, аймгийн Иргэдийн хуралд 60, дүүргийн хуралд 46, нийслэлийн иргэдийн хуралд 4 төлөөлөгч сонгогджээ.
Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан Намын хороо бүх түвшинд эмэгтэйчүүдийг дэмжиж ялалт байгуулсан бөгөөд Баянгол дүүргээс эмэгтэй УИХ гишүүн 1, Нийслэлийн ИТХ төлөөлөгч 3 эмэгтэй, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч 3 эмэгтэй сонгогдож, Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын эмэгтэй гишүүн 1, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч 1, Дүүргийн ИТХ-д 9 эмэгтэй АН-аас сонгогдсон амжилтаараа бусдыгаа хошуучилж байна. Харин Булган аймагт 6, Дундговь, Сүхбаатар, Баянхонгор аймагт тус бүр 5 эмэгтэй АН-аас аймгийн ИТХ-д сонгогдож, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүд тус бүр 9, Хан-уул дүүргийн ИТХ-д 7 эмэгтэй төлөөлөгчтэйгээрээ нам дотроо жендерийн тэгш байдлыг хамгийн сайн хангасан аймаг, дүүргээр тодорч байна.
Ардчилсан намын эмэгтэй гишүүд, эрхэм төлөөлөгчид өө,
Өнөөдөр та бүхэн АЭХ-ны шинэ тэргүүнийг сонгох хариуцлагатай сонголт хийнэ. Ардчилсан Эмэгтэйчүүдийн байгууллага бол төрд болон намдаа эмэгтэй удирдагчийг өөрийн сургалт дадлагын арга барил, дотоод ардчилалынхаа хүчээр (школоор) бэлтгэж өгдөг хүний нөөцийн чухал байгууллага төдийгүй ардчилсан намын үнэт зүйлсийг хадгалж, сануулж, өвлүүлэн уламжлуулж байдаг гал голомт. Энэ гал голомтыг илч дулаантай, эвсэг хүчтэй, үнэт өв сантай байлгаж чадах олон бүсгүйчүүд өнөөдөр өрсөлдөж байгаад би баяртай байна. Ардчилсан намын удирдлага өнөөдрийн сонгуулийн үр дүнг сонирхон ажиглахын зэрэгцээгээр та бүхний ардчилсан, чөлөөт сонголтын үр дүнд ялж сонгогдсон Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны шинэ тэргүүнтэй идэвхитэй хамтран ажиллах болно" гэв.

Related news