Хүчирхийллээс зайлсхийхийг Молдавын Ерөнхий сайд уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-21 10:07:50

КИШИНЕВ. /TASS/. Молдав улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Георгий Брега тус улсын нийслэл Кишинев хотод жагсаж байгаа сөрөг хүчнийхэн болон цагдаа нарт хүчирхийллээс зайлсхийхийг уриалсан байна. Энэ тухай Молдавын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

“Хүний амь эрсдэж, төрийн барилга байгууламжууд сүйдэхээс зайлсхийхийн тулд хүчирхийллээс аль болох татгалзахыг Брега жагсагчид болон эмх журам сахиулагчдад уриалж байна. Эсэргүүцлийн ямар ч ажиллагаа тайван, соёлтой болох ёстой” гэж Молдавын Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ. Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч “байдлыг байнга ажиглаж, хууль тогтоомжид харш аливаа үйлдлийг буруушаана” гэж мэдээлэлд тэмдэглэсэн байна.

Түргэн тусламжийн эмнэлгийн мэдээллээр, лхагва гарагт жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр 15 хүн гэмтэж бэртсэний 9 нь цагдаа, 6 нь энгийн иргэн аж.

Эсэргүүцлийн ажиллагаанд сөрөг хүчний “Социалист нам”, “Манай нам” болон “DA Иргэний платформ” намыг дэмжигч хэдэн мянган хүн оролцсон байна. Тэд Ардчилсан намын гишүүн Павел Филип тэргүүтэй Засгийн газрыг ямар ч хэлэлцүүлэг явуулалгүйгээр батлахаас аргагүйд хүрсэн парламентын барилгыг хашиж хаажээ. Засгийн газрыг эмхлэн байгуулахыг яарснаа Молдавын Ардчилсан намынхны дийлэнх нь улс орныг улс төрийн хямралаас гаргах шаардлагатай байгаатай холбон тайлбарласан байна. Харин сөрөг хүчнийхэн депутатуудын үйлдлийг “засгийн эрхийг булаасан явдал” гэжээ. Тэд хугацаанаас өмнө сонгууль явуулах зорилгодоо хүрнэ гэдгээ мэдэгдээд Молдав улсыг “олигархуудад эзлэгдсэн орон” гэжээ.

Жагсагчдын идэвх буурсан боловч олонх нь парламентын барилгын дэргэд социалистууд болон “Манай нам”-ынхны босгосон майхан хуаранд үлдсэн байна. Энд хээрийн гал тогоо ажиллаж байгаа бөгөөд сөрөг хүчнийхэн майхан хуаранд шөнийг өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Д.Жаргал

 

Related news