Шатахууны үнэ бууруулах хүсэлт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 12:11:24

Дорноговь аймгийн Засаг даргаас ШӨХТГ-т хандан шатахууны үнийг бууруулах  талаар хүсэлт тавилаа.

Мэргэжлийн байгууллагаас  аймгийн төвүүдэд худалдаалж байгаа авто бензин, дизелийн түлшний сүүлийн таван жилийн үнийн зэрэгцүүлэлтийг судалж үзэхэд 2010 он хүртэл авто бензин, дизелийн түлшийг  тус аймагт хамгийн  өндөр үнээр борлуулж байсныг тогтоож тодорхой арга хэмжээ авч үнэ бууруулж байсан аж.

Харин  эдүгээ гадаадын болон дотоодын зах зээл дээр шатахууны үнэ буурч байхад Дорноговь аймагт хамгийн өндөр үнэтэй хэвээр байгааг судлан үзэж шатахууны үнийг тодорхой хэмжээгээр бууруулах арга хэмжээг шуурхай авч, орон нутгийн ард иргэдэд дэмжлэг үзүүлж ажиллах талаар албан хүсэлтэд дурдсан байна.

Тус аймаг Замын-Үүдийн хилийн боомтоор шатахуун импортолдог төдийгүй Замын-Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж 2015 онд баригдсанаар 20 мянган тонн дизель түлш болон авто бензин нөөцлөх боломжтой болж манай улсын шатахууны жилийн хэрэгцээний 40 орчим хувийг шилжүүлэн ачих нөхцөлийг бүрдүүлжээ.      

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган  

Related news