Сонгуулийн мандатын тоог хэлэлцэх асуудлаар АН завсарлага авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-21 17:15:47

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгуультай холбоотой гурван асуудал хэлэлцэхээр оруулж ирсэн ч УИХ дахь АН-ын бүлэг мандатын асуудлаар завсарлага авлаа. 

Тус байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан. Үүний дараа “УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолын төсөл, “УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх байсан юм. Гэсэн ч УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс эдгээр асуудлаар завсарлага авснаар өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өндөрлөв. 

АН-ын бүлэг орон нутгийн мандатын тоог цөөлж, хотын мандатыг тоог нэмэх сонирхолтой байгаа гэх яриа Төрийн ордонд гараад байгаа юм. 

Н.Туяа

Related news