Ерөнхийлөгч Путин бизнесийнхэнд шинэ боломжуудыг ашиглахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2016-01-21 19:52:36

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жижиг, дунд  үйлдвэрлэгчдийн “Опора России”/”Оросын тулгуур”/ байгууллагын  чуулга уулзалтад  оролцож үг хэллээ.

“Жижиг, дунд үйлдвэрийн бизнес  манай улсын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур нь байгаа, байх ч ёстой.  Сүүлийн хоёр жил манай эдийн засгийн хувьд нэлээд хэцүү үе байлаа.Ялангуяа  эдийн засгийн нийтлэг хүндрэл  бүхий л салбаруудыг дайрлаа. Гэхдээ эдийн засаг бүхэлдээ, тэр дундаа жижиг  бизнес энэ  бүгдийг давж гарсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Та бүгд  хүчээ нэгтгэн нэлээд хэдэн ашигтай санал гаргана гэдэгт итгэж байна. Бүс нутгийн  эрх баригчид, Засгийн газрын бүтцүүд та бүгдийн санал санаачилгыг эерэгээр хүлээн авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд нь би  өөрийн зүгээс шалтгаалах бүхнийг хийх болно гэдгийг амлъя. Яагаад гэвэл, бидэнд эдийн засгийн чиглэлийн амжилт маш их хэрэгтэй байна. Та бүхний амжилтаас  манай улсын эдийн засаг, нийгмийн болоод улс төрийн дотоод асуудлууд,  олон улсын тавцан дээрх манай байр суурь ч шалтгаалах болно“ гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Арга хэмжээнд оролцогчид бизнес хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг өргөн хэлэлцэв.  Төрийн тэргүүн хурлын төлөөлөгчдөөс ирсэн   санал гомдлын олонхийг  хүлээн зөвшөөрч, тэдний үйл ажиллагаанаас  улс орны  амьдрал бүхэлдээ шалтгаалж байдаг гээд  бизнесийнхэнд амжилт хүслээ.

Ийнхүү эхний өдрийн хуралдаан дуусахад өндөр  албаны хүмүүс  чуулганы танхимаас яаран гарцгааж байв. Хуралдааны үеэр тус улсад  нэг  ам.долларын үнэ сүүлийн 20 жилд анх удаагаа 80 рубльд хүрсэн юм. 

Үүнтэй холбогдуулан Оросын Төв банкны ерөнхийлөгч Элвьвира Набиуллина сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ,  ам.долларын ханш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нефтийн үнээс ч шалтгаална.  Ер нь ханш маш өөрчлөмтгий байна. Энэ нь тодорхойлох хүчин зүйлийн нэг. Төв Банкны ерөнхийлөгчийг дэмжиж Сангийн сайд Антон Силуанов мэдэгдэхдээ, Төв Банк зөв зүйтэй бодлого явуулж  байна. Алт,валютын нөөцийг хадгалж байна. Үүнийг рублийн ханшийг дэмжих зорилгоор зарцуулж болно,ингэвэл юу ч үгүй үлдэнэ хэмээн Сангийн сайд онцолсон.  Тэрээр  нефтийн үнэ цаашид буурахыг үгүйсгэсэнгүй. Учир нь Иран улс зах зээлээс гарч магадгүй байна.  Гэхдээ нефтийн олборлолт буурсан ч, ирэх З дугаар сард нефть импортлогч орнуудын дээд хэмжээний уулзалт дээр  үнэ бага хэвээр үлдэнэ , яагаад гэвэл, хар алтны нөөц маш их гэсэн. Антон Силуанов  энэ жил нефтийн үнэ огцом нэмэгдэхгүй гэлээ.

Москва хот. А.Огторгуймаа

 

Related news