Цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-22 14:22:01

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Эдгээр хуульд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөх тухай тусгасан юм. 

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь ОХУ-ын “Интер РАО ЕЭС” компаниас цахилгаан эрчим хүч худалдан авч Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан түгээх сүлжээ компаниудад бөөний үнээр дамжуулан борлуулдаг. Тус компанийн импортоор авч байгаа цахилгааны өөрийн өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээс өндөр байдаг тул алдагдлыг улсын төсвөөс татаас өгч санхүүжүүлдэг боловч импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь энэ татааст тусгагдаагүйгээс эх үүсвэргүй өр үүсдэг байна. Иймээс УИХ-аас хууль гарган 2005 оноос хойш хоёр удаа импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ.

Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 02 дугаар тогтоолоор “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөхийг даалгасны дагуу тус компанийн ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэхээр дээрх хуулийн төслийг өргөн барьсан юм. 

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хорооны энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад байнгын хорооны гишүүд нэгэнт хөрш орнуудаас импортоор авч буй цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх асуудал яригдаж байгаа тул нэг компанийн эрх ашгаас илүүтэй хэрэглэгчдээ дэмжих чиглэлд анхаарч хилийн боомт, бусад аймгийн сумдыг ч хамруулах нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байв. Ингээд тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Чуулганы хуралдаанаар гишүүд хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явуулахад гишүүдийн 71.9 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарласан юм.

Н.Туяа

Related news