“Авто худалдааны цогцолбор”-т 70 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-25 16:30:44

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Унгар улсын “Сабадич Козми Иш Мэйэпито Корпораци”-н Ерөнхий захирал Тамас Гюла Ковакс,”Профешнл Прожет” компанийн ерөнхий зөвлөх Линг Анталне нар “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтад хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Ингэснээр авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтад Унгарын талаас 70 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болж байгаа юм.

Тодруулбал, авто худалдааны цогцолборын олон улсын авто худалдааны үзэсгэлэнгийн төвийн барилга, дулааны станц, эрчим хүчний инженерийн иж бүрэн байгууламж, усан хангамж байгуулна. Мөн цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын байгууламж, цогцолборын доторх авто зам, хамгаалалтын хашаа, ногоон байгууламж, нуур, явган хүний замын тохижилт зэрэг томоохон дэд бүтцийн ажлуудыг хийх юм.

Ч.Ариунболд

Related news