УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-26 12:44:31

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.  

Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан 9 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болох юм. Тиймээс эдгээр хуулийн төслүүдээр зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 100 саналын томъёоллоор тус бүрчлэн санал хураав. Эдгээр саналуудад тухайлбал “Хэргийн оролцогч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 127.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно”, “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргагчид бичгээр хариу өгнө”, “Захиргааны хэргийн танхимын хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогдоно” зэрэг саналууд  дэмжигдэв.

Ингээд санал хурааж дууссаны дараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

 Үүний дараа “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд асуулт асуух гишүүд нэрээ бүртгүүлсэнээр үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

Н.Туяа

Related news