Аргальд өвс тарааж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 13:02:54

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын газар нутагт 70 гаруй тооны аргаль нутаглаж байна. Урдь жилүүдэд дулаахан өнтэй өвөл болж амьтад нэг их өлсөж зутраагүй бол энэ жилийн хувьд цас ихтэй, тэр дундаа Түвшинширээ суманд өвөлжилт нэлээд хүндэрсэн учир аргалиуддаа 100 боодол өвсийг тарааж өгчээ.

Эндхийн аргаль хэсэг  хэсгээрээ тарж нутаглаж байгаа бөгөөд тус сумын Зараагийн ууланд 20, Малгарын уул, Дэлгэрхааны ууланд 50-аад тооны аргаль, мөн Халзан ууланд 2-3 тооны аргаль нутаглаж байгаа гэнэ.

Мөн Аргалийн тоо  толгой, нас хүйсийг нарийн тогтоох судалгааг аймгийн Байгаль орчны газраас өнгөрсөн онд явуулсан ч эцсийн дүн хараахан гараагүй байна.

Түүнчлэн тус сум Хэнтий аймгийн Норовлин сумаас тарвага авчиран нутагшуулсан байна. Одоогоор 12 эр, 8-н эм тарвага гээд нийт 20 тарвага тус сумын Өлзийт багийн хар ам гэдэг газар нутагшиж байна.

Т. Одончимэг

 

Related news