Хоёрдугаар сургууль БНХАУ-ын буцалтгүй тусламжаар физикийн лабораторитой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-26 13:23:57

Д.Сүхбаатарын нэрэмжит Улсын тэргүүний II сургуульд  хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын орчин бүрдлээ.

Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд өнөөдөр тус сургуульд орчин үеийн физикийн лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв.

Ингэснээр сурагчид физикийн хичээлийн тушилтаа орчин үеийн лабораторид хийх боломж бүрдэж байна.

Тус сургуулийн захирал Л.Цэнгэлмаа хэлэхдээ, “2015-2016 оны хичээлийн жилд бага боловсролын шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлэх, хүүхэд бүрийн хөгжлийн үйл ажиллагааг дэмжих, багшийн арга зүйг сайжруулах боломж нээгдэж байна. Лабораторитой болсноор цаашид сургалтын чанарт ахиц гарна, боловсролын чанарын шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлэхэд тус дөхөм болохоос гадна хүүхэд бүрийн мэдлэгийг чадвар болгох, амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд лаборатори дутагдалтай байсан. Дэмжиж ажилласан яам, нийслэл, дүүрэг, холбогдох байгууллагууд болон хөрөнгө оруулагчиддаа талархал илэрхийлье" гэв.

Тус сургуульд механик хөдөлгөөнийг илэрхийлэх багаж, хийн шингэн, молекул, генетик онол, гэрэл долгион зэрэг 46 төрлийн багаж, хэрэгсэл хүлээлгэн өгсөн юм. Байгалийн ухааны хичээлийг номноос зааж, самбараас үзээд хязгаарлах биш, сурагчид өөрсдөө гараар барьж, үзэж, харахаас гадна сэдэв бүрт хэрэглэх боломжтой туршилтын багажуудтай боллоо хэмээн физикийн багш Ц.Наранцэцэг ярилаа.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд ЕБС-ийн 70 хувь буюу 428 сургууль физик, химийн лабораторитой болсон бол энэ онд үлдсэн 200 сургуульд физикийн лаборатори нийлүүлэх аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

Related news