Орчин үеийн монгол поп дуугаар өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-26 14:34:51

Монголын орчин цагийн шилдэг поп дууг англиар дуулан монгол угсаатан төдийгүй олон улсад монгол дуу аялгууг түгээн дэлгэрүүлэх, монголын соёлын нөлөөллийг өргөжүүлэх зорилготой БСШУ-ы сайдын санаачилгаар "Монгол дуу-дэлхийд" анхдугаар уралдааныг зохион байгуулах гэж байна.

Энэ талаар өнөөдөр зохион байгуулагч БСШУ-ны сайд Л.Гантөмөр, хамтран зохион байгуулагч УГЗ Б.Долгион, дуучин К.Номинжин нар мэдээллээ.

Өнгөрсөн оны 8 дугаар сард зарласан тус уралдаанд 100-аад оролцогч дууны орчуулга, дуулсан дуугаа ирүүлжээ. Уралдааны хамтран зохион байгуулагчаар УГЗ Б.Долгионы “Doly production”-ы баг ажиллаж байна.

Сүүлийн үед гарч буй телевизийн шоунаас ялгарах онцлог нь шүүгч нар оролцогчдоо сугалаагаар хуваан авч продюсинг хийж дасгалжуулж өрсөлдөнө. Шат бүрт Филиппин, Амеикийн зочин оролцоно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

БСШУ-ы сайд Л.Гантөмөр, “Бидэнд долоон тэрбум хүнд оюуны бүтээлээ худалдах боломж бий. Энэ уралдаан зөвхөн дууны уралдаан биш, Монгол шүлгийг хэрхэн англи хэлэнд хөрвүүлэх вэ, гадаад хүнд ямар сонсогдох вэ гэх зэргээр ажиллаж байна. Энэ удаа англи хэлээр зохион байгуулж байна. Цаашид Япон, Оросын зах зээлийг харж, судлах болно” гэв.

Гала тоглолтын үеэр шилдэг дөрвөн оролцогчийг шалгаруулж шагнал гардуулах юм. Мөн шилдэг дуунуудаар цомог гаргах аж.

Тус уралдааныг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн 25-р суваг, UBS music, Star TV, VTV, Royal ТВ, 11 channel, "World", SCH, Парламент зэрэг сувгаар цацах юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news