Аймгийн удирдлагууд малчны хотонд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-26 19:20:26

Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид малчдад туслах шуурхай багийг гуравдугаар сарын 1 хүртэл ажиллуулах шийдвэр гаргаж, эхний ээлжийн ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, Засаг дарга С.Од-Эрдэнэ  нар ахлан зүүн, баруун бүсийн сумдад ажиллалаа.

Шуурхай ажлын хэсэг өвөлжилтийн  нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хаана, хэнд хэрхэн туслах шаардлагатай байгаа, малчид нэн түрүүнд ямар дэмжлэг туслалцаа хүсч буйг тандан 40 гаруй өрхөөр орж, малчидтай уулзжээ.

Нэгдүгээр сарын дундаас хойш цас байнга шуурч, хүйтний эрч шөнөдөө 27- 32, өдөртөө 18- 23  градус хүрч чангаран, одоогийн байдлаар аймгийн нийт нутгийн 40 хувь нь цагаан зудтай, 60 хувь зудархуу, цасны зузаан 10- 60 см- т хүрснийг Онцгой комисс мэдээлж байгаа юм.

Ихэнх нутгаар сүүлд орсон цас өвөлжилтийг тун хүнд нөхцөлд оруулсныг малчид хэлж байна. Одоо малчид малаа бэлчээрт гаргах боломжгүй болж, хороо бууцанд нь тэжээж байгаа тул тэжээл өвс ихээр шаардагдаж байгаа. Өвс тэжээлийн нөөц сумдад эрс багасч, зарим сум нөөц дууссан байдалтай. Аймгийн нөөцөөс өвс тэжээл худалдан авъя гэсэн ч малчдад бэлэн мөнгө байхгүй тул өвс тэжээл зээлээр авах хүсэлтэй байгаагаа малчид ажлын хэсэгт хэлж байв.

Мал өлдөж, хөлдөж үхсэн хохирол одоогоор бага ч малаа хороо бууцанд тэжээж эхэлснээс хойш бага насны мал дарагдаж үхэх эрсдэл үүсч одоогийн байдлаар 1500 гаруй мал ийм байдлаар хорогдсон байна. Мөн үүн дээр эх мал хээл хаяж эхэлжээ. Түүнчлэн хөлдүү бут идсэнээс нэлээд олон мал чацга алдаж, сульдан муудаж байгаа бөгөөд хаврын урь унатал мал, малчдад тун хүнд нөхцөл үүсч эхлээд байгааг  малчид хэлж байв.

Засгийн газрын үнэ чөлөөлсөн өвснөөс Дундговь аймагт 100 тонныг хуваарилсан. Үүн дээр аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор аюулгүйн нөөцөөс 200 гаруй тонны өвсний үнийг чөлөөлж, нийт 300 гаруй тонн өвсийг малчдад өгөхөөр болоод байгаа юм. Үүнийг сумдад хэрхэн хуваарилах болон малчдын гар дээр хэрхэн зардал чирэгдэл багатайгаар өвс, тэжээл хүргэх талаар хөдөөд ажилласан ажлын хэсгийн мэдээлийг үндэслэн Онцгой комиссын хурлаар шийдэх юм байна.

Т. Отгонтуяа

Related news