Чуулганы хуралдаан цаг сунгаж хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-26 20:48:36

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан цаг сунгаж хуралдав.

Хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төсөл 7 бүлэг, 24 зүйл, 106 хэсэг, 101 заалттай. Энэ үеэр Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асуусаны дараа төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.2 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.  УИХ-аас 2010 онд баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нь эм зүйн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн хэдий ч өнөөгийн хурдацтай өсөн тэлж байгаа эм хангамжийн тогтолцоонд эмийн зохицуулалтыг уялдуулах, эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээнд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, эмийн зохицуулалт, хангамжид оролцож байгаа хуулийн этгээд, иргэний үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, зарим нэр томъёо, ойлголтыг оновчтой зөв тодорхойлох, зохицуулагдаагүй үлдсэн зарим тулгамдсан асуудлын эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлагатай үүсчээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.2 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Б.Туул

Related news