Отрын адууны хөлд бог малын бэлчээр үгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-26 22:01:48

Өнтэй өвөлжих төлөвийг шинжин малчдын олноор оторлосон нутгийн нэг нь Дэлгэрхангай сум юм. Тус сумын нутаг зүүн талын сумдыг бодвол цас нимгэвтэр байсан ч нэгдүгээр сарын дунд үеэр тохиосон цасан шуурга өвөлжилтийн байдлыг хүндрүүлжээ.

Өвөлжилтийн талаар сумын Засаг даргын орлогч О. Батчулуунаас тодруулахад, Дэлгэрхангай сум өөрийн 118 мянган мал дээр оторлон ирсэн 30 гаруй мянган малыг өвөлжүүлж байгаа бөгөөд цас талдаа 10- 15 см, хонхор газраа 25 см хүртэл  зузаарч, мал бэлчээрлэх боломжгүй болсноос мал ширвэгдэн муудаж, дарагдаж үхэх, хээл хаях зэрэг хүндрэл гарч байгааг хэллээ. Одоогоор сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл байхгүй. Намар 40 тн өвс, 30 тн тэжээл бэлдэн нөөцөлсөнөө сүүлийн цасны дараахан малчиддаа зээлээр өгсөн. Аймгийн нөөцөөс нэмж өвс тэжээл авах чигтэй байгаа ч өвс тэжээл татах төсөв хөрөнгө алга байгаа гэв.

 Тус сумын нутагт 15- 20 гаруй мянган адуу оторлон ирсэн нь туурайн зуд нэмэрлэж, ирэх хавар бог мал идээших бэлчээрийг үгүй болгосон байна. Талд бэлчээр үгүй болсон тул адуучид Дэлгэрхангай уулын гүнд адуугаа оруулсан нь мөн л нөөц бэлчээргүй болгох эрсдлийг үүсгэжээ.

Цаг хүндэрсэн үед Дэлгэрхангай уул руугаа нутгийн малчид ороход 300 гаруй цэгт байршин нутаглах багтаамжтай юм байна. Отрын олон зуун адуу ийш орвол нутгийн малчид болон бог малтай оторлон яваа өөр сумын малчдад цагийн хүндрэлийг даван туулах боломж хомс болно. Тиймээс ойрын хугацаанд отрын адууг уулнаас гаргаж, баруун тийш Онгийн тал, хойшоо Дундын нуруу, урагшаа Даага далангийн отрын бүс нутагт оруулах ажээ.

Т. Отгонтуяа

 

Related news