Нийгмийн халамж, үйлчилгээний талаар судалгаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-27 09:28:43

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/57 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар төвлөрлийг сааруулах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд шуурхай чирэгдэлгүй хүргэх, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын xүрээнд хорооноос иргэдэд шууд үйлчилгээ үзүүлж болох халамжийн үйлчилгээний хүртээмжийн талаар тооцоо судалгаа хийж, зөвлөмж боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

Гэр хорооллын хороодын хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон зорилтот бүлгийн иргэдэд нэн шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээг тодорхойлж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг ажлын хэсэгт даалгав.

Ажлын хэсгээс боловсруулсан санал зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга, Нийгмийн халамж  үйлчилгээний хэлтсүүд, хороодын Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Related news