АНУ-д Зика вирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-27 09:42:43

НЬЮ-ЙОРК. /TASS/. Хилийн чанадад аялаад ирсэн, АНУ-ын Виржини муж улсын оршин суугчаас Зика вирус илэрсэн тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.

Виржини муж улсын эрүүл мэндийн асуудал хариуцсан комиссарын мэдээллийг иш татан “Reuters” агентлагийн онцлон тэмдэглэснээр, уг эрэгтэй Зика вирусийн халдвар бүртгэгдсэн оронд зорчсон байна. Гэхдээ Виржини муж улсад одоо уг вирусийн нянг тээгч шумуул тархдаг улирал биш учир бусад оршин суугчийн хувьд аюулгүй аж.

Зика вирусийн халдвар авсан тохиолдолд өндөр халуурах, нүдний салст бүрхэвч үрэвсэх, толгой, үе мөч өвдөх, зарим тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Вирусийн нянг тээгч нь “Aedes aegypti” шумуул юм. Зика вирусийн халдварын тархалт Ази, Африк, Өмнөд болон Хойд Америк, Номхон далайн бүс нутгийн орнуудад бүртгэгджээ. Уг вирусийн халдвар дэлхийн баруун тал бөмбөрцөгт асар хурдтай тархаж байгаа бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сард зөвхөн Бразил улсад бүртгэгдэж байсан бол одоо 55 орны 21-д нь тархаад байна. Зика нь жирэмсэн эхэд халдварласан тохиолдолд ургийн гавлын яс үлэмж жижиг, оюун ухааны хомсдол, хараа, сонсгол муутай хүүхэд төрдөг аж.

Д.Жаргал

 

Related news