Монгол Улс өндөр түвшний авлигын эсрэг тэмцсэн индексээрээ сайшаагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-01-27 14:07:51

2015 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг дэлхий даяар 2016 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр зарлаж байгаатай холбогдуулан АТГ, "Нээллтэй нийгэм форум" хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Энэ өдөр "Транспэрэнси Интернэйшнл" байгууллагын ТУЗ-ийн дарга Хосе Угаз мэдэгдэл             гаргасан байна. Тэрбээр "Судалгаанд хамарсан 168 орны гуравны хоёр нь "50" онооноос доош оноо авсан нь авлигын асуудал дэлхийн дийлэнх оронд ноцтой хэвээр байгааг харуулж байна."100" оноо авбал авлигагүй гэж үздэг. "0" оноо авбал өндөр авлигатай гэж үнэлдэг.  2015 онд дэлхийн өнцөг булан бүрт иргэд авлигын эсрэг тэмцэж, жагсаж, эрх баригчдад өндөр түвшний авлигын эсрэг жинхэнэ ёсоор тэмцэх цаг болсныг хатуу сануулсан жил байв. Ихэнх тохиолдолд өндөр түвшний авлига үйлдэгчид хуулийн хариуцлага хүлээхгүй байгаа нь харамсалтай явдал" гэж онцолжээ. 2015 оны сайн мэдээний нэгэнд Монгол Улс "Шүгэл үлээгчид"-ийн эрхийг хамгаалан өндөр түвшний авлигын эсрэг амжилттай тэмцсэнээрээ сайшаагдсан байна. Гватемал улс мөн сайшаагджээ. Харин Бразил улс өнгөрсөн оноос ухарч 76 дугаар байрт орсон бол Хойд Солонгос, Сомали улс хамгийн адагт буюу "Баян ходоод" -д давхиж явна. 168 орноос хамгийн өндөр оноо авч Дани улс хоёр дахь удаагаа тэргүүлэн манлайлжээ. Монгол Улсын хувьд жил бүр авлигын индекс ахиж байгаа аж. 2012 онд 36 оноогоор 94 дүгээр байр, 2013 онд 38 оноогоор 83 дугаар байр, 2014 онд 39 оноогоор 80 дугаар байр, 2015 онд 39 оноогоор 72 дугаар байрыг тус тус эзлээд байна. Монгол улс өнгөрсөн оноосоо "Засаглалын шилжилт ба менежмент" үнэлгээгээр оноо алдсаныг бодууштай. Манай улсыг засаглал ба бизнес орчны чиглэлээр ажилладаг хараат бус институцын экспертүүд үнэлж мэдээллийн эх сурвалж болон тайлбараа илгээдэг юм байна. Өнгөрсөн онд "Транспэрэнси Интернэшнл" байгууллага өндөр түвшний авлигачдыг нэр дэвшүүлэн нэрлэж санал өгөх "unmaskthecorrupt.org" сайтыг ажиллуулж эхэлсэн юм. Энэ сайт дэлхийн улс орнуудад иргэд нь өндөр түвшний авлигын хэргийг илрүүлэхэд туслах зорилготой юм байна. 

Ж.Батсайхан

Related news