Хүн амын тоог мандатын тоотой уялдуулахад 8 аймаг нэг мандаттай нийслэл 22 мандаттай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-27 17:17:46

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх сонгуулийн тойрог, мандатын тоог шийдвэрлэх асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодруулав.

-Сонгуулийн тойрог, мандатыг тогтоох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан байгаа. Хуулийн хугацаандаа амжиж энэ асуудлыг шийдэх нь үү?

-Сонгуулийн тухай хууль батлагдаад нэг сарын хугацаа өнгөрч байна. Юуны өмнө нэгдүгээрт УИХ-аас тойргоо байгуулаад, мандатын тоог тогтоох, хоёрдугаарт УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг 150-аас доошгүй хоногийн өмнө тогтоох гэсэн хоёр заалт энэ хуульд орсон. Энэхүү хугацаа нэгдүгээр сарын 31-нд дуусч байгаа. Одоо бидэнд байгаа хугацаа нь пүрэв, баасан гараг л үлдээд байна. УИХ, байнгын хороо хуралдаж хуулийн хугацаанд мандат, тойргийн тоог тогтоох боломж байна. Үүнтэй нэгэн адил аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, тойргоо тогтоохоор хуралдаж байна. Өнөөдөр, маргааш нөгөөдөр гэсэн гурван өдөрт аймгууд тойрог, мандатын асуудлаа шийдчих байх.

-Мандатын тооны асуудлаар улс төрийн намдуудын дунд маргаан үүсээд байгаа. СЕХ-ны зүгээс ямар чиглэл барьж байна вэ?

-Сонгуулийн тухай хууль бол УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, аймаг, сум дүүргийн ИТХ-ын хууль гэсэн дөрвөн хуулийг нэгтгэсэн хууль. Шинээр баталсан Сонгуулийн тухай хуулинд аймаг, нийслэлийг ялгавартай тогтоох заалт ороогүй. Харин өмнөх хуулинд аймаг, нийслэлийн хүн амыг ялгавартайгаар тогтооно гэж заасан байсан. Энэхүү заалтын дагуу өмнөх сонгуулиудын тойрог, мандатыг ялгавартай тогтоож байсан. Жишээлэхэд аймгийн дунджаар 40 гаруй мянган хүнд нэг мандат ногдож байсан. Ийнхүү тогтоож байхад нийслэлд 80 гаруй мянган хүнд нэг мандаттай байсан юм. Харин одоо ялгавартай тогтооно гэсэн заалтыг аваад хаячихсан учраас улсын дундажтай адилхан тогтоохоор болоод байна. Тиймээс улсын дундажийг барихаас өөр арга байхгүй.

-Тэгвэл мандатын тоо хэрхэн өөрчлөгдөх юм бэ?

-Улсын хүн ам өсч 3 сая болсон. Хүн амынхаа тоотой мандатынхаа тоог уялдуулаад тогтоохоор улсын дунджаар 63 мянган хүн байна. 63 мянган хүн тутамд нэг мандат. Ингээд тогтоохоор хоёр мандаттай байсан 8 аймгийн мандат нэг болж буурч байгаа юм. Харин нийслэлийнх 22 болж байгаа. Үүнийг шинээр зохиогоогүй. Хуучин мөрдөж байсан аргачлал. Хуучин энэ аргачлалаар явж байхад ялгавартайгаар тогтооно гэдэг заалт байсан учраас болоод байсан. Харин шинэ хуулиар ялгавартайгаар тогтооно гэсэн заалтыг авчихсан учраас ийм маргаан гараад байна. Гэхдээ хуулийн хугацаа дуусахад хоёр, гурав хоногийн хугацаа байна. УИХ, байнгын хороо хуралдаад шийдвэрээ гаргах байх гэж найдаж байна.

-Сонгуулийн санал авах өдрийг хэднээр тогтоож байгаа вэ?

-СЕХ санал авах өдрийг 6 дугаар сарын 29-ний өдрөөр, тойргийн дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох асуудлыг энэ сарын 31-ний дотор шийдэхийг хүсч УИХ-д санал хүргүүлсэн. 

Н.Гантуяа

Related news