Зудтай байгаа Өндөршил суманд түргэн тусламжийн автомашин өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-27 18:05:34

Дундговь аймгийн алслагдсан сумын нэг Өндөршилийн Эрүүл мэндийн төв түргэн тусламжид зориулсан УАЗ 469 автомашинтай боллоо.

Тус сум аймагтаа хамгийн зузаан цастай, өвөлжилт хүндэрсэн, цагаан зудтай сум болж байгаа. Өвөлжилт хүндэрсэн тус сумын малчид алсын оторт олноор гарсан бөгөөд хүйтний эрч чанга, цас ихтэй байгаагаас малчид даарч зутран хатгаа авч, ханиад томуугаар өвчлөх нь ихэссэн байна. Өдөрт 3- 4 дуудлагатай ажиллаж байгаа ачаалал ихтэй, цас зуд нүүрлэсэн хүндхэн цаг үед ЭМС- ын яамнаас түргэн тусламжийн автомашин шийдвэрлэж өгсөн нь үнэхээр цагаа олсон тусламж боллоо гэдгийг их эмч Д. Эрдэнэчулуун хэлж байна.

Тус Эрүүл мэндийн төв урьд нь мөн УАЗ- 469 машинтай байсан нь ашиглалтын хугацаа дуусч, эд анги нь эвдэрч зогссон байна. Түргэн тусламжийн машинтай болох тухай хүсэлтийг холбогдох байгууллагуудад жилийн өмнө уламжилж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хүн амдаа үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг сумын Засаг даргын автомашинаар хүргэж иржээ.

Өнгөрсөн сард өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахаар Улсын онцгой комиссын гишүүд Дундговь аймагт ажилласан. Тэр үеэр аймгийн Эрүүл мэндийн газраас Өндөршил сумын ЭМТ- ийн нөхцөл байдлыг танилцуулж, түргэн тусламжийн автомашины асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Энэ дагуу ЭМС- ын яам ийнхүү бүтэн жилийн турш Өндөршил сумынханд  гачигдсан түргэн тусламжийн автомашиныг шийдвэрлэсэн ажээ.   

Т. Отгонтуяа

Related news