Автомашин ачих болон журамлах үйлчилгээний үнийг бууруулах санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-28 09:29:00
oyuka_hu@yahoo.com

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн авто машиныг журамлах болон ачих үйлчилгээ эрхэлдэг “Түнт Хүрээ” ХХК үйлчилгээнийхээ тарифыг багасгах боломжгүй гэв.

Тус компани өнгөрсөн оны гуравдугаар сард аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж дээрх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авчээ. Ингэхдээ машин ачихад 55 мянга, хонуулахад өдрийн 5-7 мянган төгрөгийн хураамж авахаар болсон байна. Харин үүнийг иргэд эсэргүүцэж үнийг нь бууруулах талаар аймгийн удирдлагуудад хүсэлт тавьжээ. Үүний дагуу АИТХ-ын тэргүүлэгчид “Түнт Хүрээ” ХХК-ийн удирдлагуудтай уулзав. Уг компани Улаанбаатар хотод бүртгэлтэй бөгөөд өөрийн 123 сая төгрөгөөр журмын хашаа барьжээ.   Ингэхдээ 58 сая төгрөгөөр хашаа барьж, 65 сая төгрөгөөр чирэх болон ачих үйлдэлтэй хоёр машин авчээ. Энэ зардлаа нөхөхийн тулд дээрх тарифыг гаргасан бөгөөд хэрэв үүнээс доогуур үнээр үйлчилгээ үзүүлбэл алдагдалтай ажиллана гэжээ.

АИТХ-ын төлөөлөгчид ачих үйлчилгээг 40 мянган төгрөг болгох санал гаргасан боловч “Түнт Хүрээ“ ХХК-ийн захирал Б.Батжаргал боломжгүй гэлээ. Учир нь зуны улиралд өдөрт 7-9, өвөл 4-5 машиныг журамлах болон ачиж ирдэг тул гаргасан зардлаа нөхөхөд хугацаа алдаж байгаа гэв. Тус компани 10 ажилтантай гэнэ. Сард 6 сая төгрөгийн орлого олж 5 сая төгрөгийг цалинд зарцуулдаг байна. Иймд энэ асуудлыг АИТХ-ын ээлжит хурлаар дахин хэлэлцэхээр болов.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news