Хужирт баг хамгийн олон мал тоолуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 09:44:17

Увс аймгийн 19 сумын 93 багийг малынх нь тоогоор эхний таван байр эзлүүлсэн байна. Үүнд Наранбулаг сумын Хужирт баг 70033 мал тоолуулж хамгийн олон малтай баг болжээ.

Дараагаар нь Өмнөговь сумын Орлого баг 63106, Наранбулаг сумын Алдар баг 62469, Түргэн сумын Аршаант баг 59465, Хяргас сумын Бугат баг 58669 мал тус тус тоолуулж аймгийнхаа хамгийн олон малтай таван багийн тоонд орсон байна.

Хамгийн олон буюу 2733 тэмээг Завхан сумын Айраг нуур баг тоолуулсан бол Наранбулаг сумын Улаан-Үзүүр баг 1726, Завхан сумын Хармагт баг 1566, Шар булаг баг 1417, Хяргас нуур баг 1328 тэмээ тус тус тоолуулжээ. Өөрөөр хэлбэл, Завхан сумын 4 баг тэмээгээр аймагтаа эхний 4-д орсон байна. Аймгийн хэмжээнд хамгийн олон адууг Улаангом сумын 8-р баг тоолуулсан бөгөөд нийтдээ 2695 адуутай байна. Харин Өндөрхангай сумын Цагааннуур баг 2650, Зүүнхангай сумын Баянгол баг 2395, Тэс сумын 2-р баг 2344, Наранбулаг сумын Улаан-Үзүүр баг 2250 адуу тоолуулж, аймагтаа адуугаар тэргүүлжээ. Улаангом сумын 8-р баг 6582, Сагил сумын Өндөрмод баг 5112, Түргэн сумын Аршаант баг 3690, Зүүнговь сумын Тохой баг 3563, Тэс сумын 2-р баг 3442 үхэр тус тус тоолуулж аймгийнхаа хамгийн олон үхэртэй багууд болсон байна.

Түүнчлэн Наранбулаг сумын Хужирт баг 40009, Түргэн сумын Аршаант баг 34995, Наранбулаг сумын Алдар баг 32924, Хяргас сумын Бугат баг 32417, Хяргас сумын Хайрхан баг 31691 хонь тус тус тоолуулж, аймгийн хамгийн олон хоньтой багууд болжээ. Өмнөговь сумын Орлого баг 28191, Наранбулаг сумын Хужирт баг 26554, Наранбулаг сумын Алдар баг 26337, Ховд сумын Шивэр баг 25994, Наранбулаг сумын Улаан-Үзүүр баг 25305 ямаа тоолуулж аймгийнхаа хамгийн олон ямаатай таван баг болсон байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Related news